Таеквондоч П.Дүүрэнжаргал Залуучуудын олимпийг зорино

Тунис Улсын Хаммамет хотноо “Buenos Aires 2018” Залуучуудын зуны олимпийн их наадамд оролцох эрхийн тэмцээн буюу таеквондогийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болов.

Тус тэмцээнд оролцсон Монголын өсвөрийн баг тамирчдаас “Олимп клуб”-ын тамирчин П.Дүүрэнжаргал 48 кг-д дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөн жиндээ шилдэг наймд шалгарснаар Залуучуудын зуны олимпийн их наадамд оролцох эрхээ авлаа. Энэ амжилт нь Монголын таеквондогийн түүхэнд авч байгаа хоёр дахь олимпийн эрх юм.

Өмнө нь “Рио-2016” зуны олимпийн их наадамд Монгол Улсаа төлөөлөн анх удаа таеквондогийн спортоор оролцсон үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин П.Тэмүүжин гайхамшигтай тулаануудыг хийж, шагналт тавдугаар байрт шалгарч байлаа.