Ж.Энхбаяр гишүүн ээ чаддаг юм бол С.Амарсайханы газрыг нь аваарай

Уншигч та яг одоо НИТХ-ы дарга С.Амарсайханы эзэмшлийн газрыг харж байна. Зурагт улаанаар хүрээлсэн газрууд нь НИТХ-ын дарга С.Амарсайханы гэр бүлийн компаний нэр дээр байдаг газар юм.

С.Амарсайханы ах дүү, хамаатан саднаараа байгуулсан гэх “Софт трейд” ХХК Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн аманд аялал жуулчлалын зориулалтаар зураг үзүүлсэн хэд хэдэн газрыг авчээ.

Хамгийн хачирхалтай нь Зайсан орчмын энэ газарт хэдэн үеэрээ шахуу амьдарсан иргэд газраа өөрийн болгож чадахгүй байхад энэ компани харин газраа нэг алдаад дахин авсан байгаа юм. Авах авахдаа Байгаль орчны яамнаас Зайсан толгойн аман дээрээ нэмээд Туулын бургас орчимд авсан.

Харин авсан энэ газраа “бүтээн байгуулалт” нэртэй хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байгаа. Уншигч та сайн харсан бол Туул голын эрэг дагуух хэсэг газар нь бургастай газар байгаа биз. Тэгвэл энэ бургаснууд өнөөдөр түүх болон үлдэж байгаа. Мөн "Зайсан хилл" цогцолбор нь ОХУ-Монгол улсын найрамдал болсон хөшөө дурсгалтай хэсэг газарт орсон байдаг. Үүнд Орос “ах нар” дургүйцэж байгаагаа илэрхийлсэн ч албан ёсоор хандсан зүйлгүй юм билээ.

Нийслэлийн ундны усны эх үүсвэр болсон Туул голын сав газарт бургас огтолж барилга байгууламж барьж, үйл ажиллагаа явуулахыг хориглосон Байгаль орчны сайдын тушаал бий. Гэтэл энэ тушаал өнөөдөр С.Амарсайханд нөлөөлдөггүй бололтой БОАЖЯ-аас зөвшөөрлөө дахин гаргуулаад байгааг юу гэж ойлгох вэ?

Улс тусгай хамгаалалттай газраа ашиглуулсныхаа төлөө “Оюуны ундраа” группээс 2012-2017 онднийт 99 сая төгрөгийн л төлбөр авсан тухай "Өдрийн сонин"-нд бичсэн байдаг.

Тэгэхээр нийслэлчүүдийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх ёстой С.Амарсайхан хувьсгал дээрээ газар нутгаа хамгаална гэчихээд хувь дээрээ Туулынхаа бургасыг хяргаж байгаа нь зөрчил юм.

Уг нь Туулын бургасыг тастаж, ойр орчимд нь барилга барих гэж байгаа тухай мэдээлэл гишүүдэд хүрсэн байдаг. Тэр ч утгаараа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Тэр Зайсан, Туул голын эрэг дагуух газрын зөвшөөрлүүдийг цуцал. Цаана нь хэн нэгний эрх ашиг байна гэж бухимдангуй хэлж байсан удаатай.

Тэгвэл Ж.Энхбаяр гишүү ээ Таны хэлээд байгаа эрх ашиг чинь НИТХ-ын дарга С.Амарсайхан бөгөөд чаддаг юм бол тэднээс газрыг нь аваарай.