Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

Нийслэлд 2018-2019 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Энэ жил 2-5 насны бүх хүүхдийг цахимаар бүртгэж, элсүүлэх юм. Өнгөрсөн жил цахим бүртгэлийг зөвхөн хоёр настай хүүхдүүдийн дунд явуулсан.

Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх явц хоёр үе шаттай хэрэгжих бөгөөд эхний шат цахим бүртгэл юм. Цахим бүртгэл наймдугаар сарын 23-ны өдрийг дуустал үргэлжлэх юм байна. Бүртгэл хаагдсаны дараа наймдугаар сарын 24-ний өглөөний 09:00 цагт цахим элсэлт явагдаж, санамсаргүй түүврийн аргаар хүүхдүүд сонгогдох аж.

Бүртгэл "Tsetserleg.ulaanbaatar.mn" сайтаар явагдах бөгөөд уг системд 2-5 настай бүх хүүхдийн дата мэдээллийг оруулжээ. Хүүхдийн регистерийн дугаарыг оруулмагц гэрийн хаяг болон хамран сургах тойргийн харьяа цэцэрлэгийн мэдээлэл гарч ирэх аж. Бүртгэл хийлгэхээсээ өмнө хаягийн бүртгэлээ тодорхой болгохыг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Тодруулбал хоёр настнуудыг бүртгэж, 3-5 настай хүүхдийг харьяалагдах цэцэрлэгт нь орон тоо байгаа, эсэхээс хамааран бүртгэх аж. Сул орон тоо гарсан тохиолдолд хүүхдээ бүртгүүлэх бөгөөд эцэг, эхчүүд системээс харах боломжтой гэнэ. Бүртгэл хийхдээ, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг хоёр настайд тооцон цахимаар бүртгэх бөгөөд есдүгээр сараас хойш төрсөн хүүхдүүд сараараа тооцохоор хоёр нас хүрээгүй байх учир бүртгүүлээд элсэлт нь баталгаажсан тохиолдолд 10, 11, 12 сараас цэцэрлэгтээ явж эхлэх юм байна.

Мөн цахим бүртгэл хамаарахгүй цөөн тохиолдолууд байгаа бөгөөд тусгай, сувиллын, 24 цагийн, байгууллагын цэцэрлэг болон зорилтот бүлгийн хүүхдүүд багтах аж. Зорилтот бүлгийн хүүхдүүд шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлээд уламжлалт аргаар бүртгүүлэх юм байна.