Хакүхо М.Даваажаргал 41 түрүү, 1000 даваагаараа түүхэн амжилт тогтоолоо

Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Аки башёгийн 14 дэх өдөр Озэки Гойёдог давж дээд зиндаа /Макүүчи/-ны 1000 дахь давааг авсан хосгүй амжилтаар энэ башёгийн түрүү бөхөөр тодров.

Ийнхүү тэрбээр Макүүчид 41 дэх түрүүгээ авсан, мөн Ёкозүна цолтой 800 даваа авсан дээд амжилтуудын эзэн болсон сумоч болж түүхэнд бичигдэж байна.

Энэ өдөр 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, 72 дахь Их аварга Кисэносатод унаснаар 10 даваа, 4 унаатай болов. Харин Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров өрсөлдөгчөө давснаар 7 даваа, 7 унаатай болж маргааш давбал 50 хувийн амжилтаа тогтоох юм. Мөн Гүржийн бөх Точиношин өрсөлдөгч Абэг давснаар 8 даваатай 50 хувийн амжилтаа хийж, Озэки цолоо хадгаллаа.

Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил өрсөлдөгчдөө унаж 4 даваа, 10 унаатай боллоо. Маэгэшира Таканоива А.Баасандорж, Чиёошома Г.Мөнхсайхан нар 50 хувийн амжилтаа хийгээд байгаа. Харин Сэкивакэ Митакүэми Озэки Такаясүг давж 8 дахь даваагаа авсан юм.