“Талын салхи” мотофестиваль эхэллээ

“Талын салхи” мото уралдааны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд эхлэсэн бөгөөд Нийслэлийн төв гудамжинд мото парад зохион байгууллаа. Мөн уралдааны нээлтийн үйл ажиллагаа Тэрэлж-Болор амралтын газарт үргэлжлэх юм байна. Энэ үеэр рок попын оддын тоглолтыг үнэ төлбөргүй зохион байгуулахаар болжээ.

Тус наадмын гол ач холбогдол нь залуу мотоцикл сонирхогчдод замын хөдөлгөөний дүрмийг танин мэдүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талаар мэдлэг олгох зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа. Мөн “Талын салхи” мото уралдааныг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ЗЦА, НАЖГ дэмжин ажиллаж байгаа аж. Тиймээс тус уралдаан цэрэг, цагдаагийн өндөржүүлсэн хамгаалалтын дор явагдах юм байна. Дашрамд сонирхуулахад, энэ удаагийн уралдааныг сонирхсон хүн бүхэн үзэх боломжтой ажээ.