Эрдэнэтийг төрд авах нь “сонгуулийн суварга” байсан уу?

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь төрийн мэдэлд үлдэх үү?, хууль бусаар авсан, аваагүй гэх хөрөнгөлөг хүмүүсийн талд шилжих үү? гэсэн оньсогыг таасан нэгнийг 2020 оны сонгуульд дэмжинэ гэсэн таавар энэ тэрүүгээр явах болов.

Уг нь МАН сонгуульд ялахдаа ганц тугаа болгон тоть мэт сурталчилсан уриа нь “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр эргүүлэн авч, ард түмэнд ногдол ашиг тараана” гэж байсныг ард түмэн мартаагүй байна.

Засгийн газраас“Эрдэнэт үйлдвэрийг төрийн мэдэлд авч, ард түмэнд хувьцаа болгон тараана” хэмээсэн өнгөрсөн оны долдугаар сарын 4-ний өдрийн шийдвэр нь ч хүчин төгөлдөр байгаа.

Гэвч Дээд шүүхээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд авах нь хууль бус 49-н хувийн жинхэнэ эзэд нь “Сахал” Эрдэнэбилэг тэргүүтэй Худалдаа Хөгжлийн Банк хэмээн зарлахад МАН-ынхан манарсан уу яасан дуу нь ч гарсангүй. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төр авах ёстой хэмээн эрүүгээ “заазуур” болтол тэмцэгсэд ч ус балгасан мэт таг чиг.

Нэг хэсэгтээ бүгд шоконд орсон уу эсвэл ирэх хорин он хүртэл хол байна даа хэмээн тайтгарсан уу нам гүм. Зарим нэг нь мөнгө залгиад дуугарч чадахаа больсон, зарим нэгнийх нь урд өмнөх булхай илчлэгдээд түүндээ чихдүүлээд үг нь гарахаа больсон гэх олон таамаг яриа ч тэнэж явах.

Хаанаас хэн нь эхэлж дуугарах бол хэмээн ард түмэн чих тавиастай. Ямар сайндаа л “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь төрийн мэдэлд үлдэх үү?, хууль бусаар авсан, аваагүй гэх хөрөнгөлөг хүмүүсийн талд шилжих үү?” хэмээн оньсого зохиож, орсон гарсан болгон таах гэж аргаа барж суух вэ дээ.

МАН-ыхан сандал суудлаа булаалдан, би чи дээ тулаад хорин оныг таг мартаж орхисонч гэх. Үнэхээр МАН-ыхан та бүхэн 2020 он болохыг мартсан бол удахгүй Сонгуулийн товтой өдөр бариад үүдийг тань тогших цаг болж байгааг сануулах нь зөв биз ээ. Тэр үед МАН-ыханаас ард түмэн ганцхан зүйл л нэхнэ, асууна. “Эрдэнэтийн 49 хувь юу болсон бэе” гэж л асууна, нэхнэ.Хариулт буруу байна гэж үзэх юм бол та бүхэнд гудамжинд лааз өшиглөж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн хаалга тойрон гороолох даяанчийн дөрвөн жилийг ард түмэн өгөх болно.

Сонгууль болонгуут та бүхэн мянган хувилбараар Эрдэнэтийн тухай үлгэр зохиож ярьсан ч итгэх хүн олдохгүй.
Сонгуулийн суварга болгон уриалсан Эрдэнэтийн 49 хувийг төрд авах тухай амлалт МАН-ын үлгэр байсан уу, үнэн амлалт байсан уу гэдэгт Дээд шүүхээс бус дээдэлдэг төрдөө итгэж илгээсэн эрхэм гишүүдээс ард түмэн хариулт нэхсээр байна. Удахгүй болох сонгуулийн манараатай хорин онд өнөөгийн 76 гишүүний хэн нь сонгогч иргэдээс онц дүн авахыг дээрхи асуултад зөв хариулсан нэгэн хүртэх буй заа.

Л. Төгс

26 Сэтгэгдэлүүд

Comments are closed.