Боулингийн саятангууд тодорлоо

Монголын боулинг сонирхогчдын холбоо, “Биг боулинг” төв байгуулагдсаны болон “City Cup” тэмцээний 10 жилийн ой, Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ойн нэрэмжит Нийслэлийн боулингийн аварга шалгаруулах ““City Cup- 2018” багийн төрлийн нээлттэй тэмцээн энэ сарын 27-29-нд “Big bowling” төвд болж саятнууд тодорлоо.

Тэмцээнд нийт 28 баг оролцсоноос “Покер” баг түрүүлж аваргын цом, 5 сая төгрөг хүртэж, “Багануур сити” баг мөнгөн медаль, 2,5 сая төгрөг, “Электрон дартс” баг хүрэл медаль 1,5 сая төгрөгийн эзэд боллоо. Өндөр онооны эзэн буюу шилдэг тамирчнаар “Страйкс” клубын тамирчин Д.Нацагдорж (247 оноо), мөн клубын тамирчин Т.Долгормаа (196 оноо) нар шалгарав. Шилдэг тамирчин тус бүр 500 мянган төгрөгийн шагнал авсан.

Мөн шилдэг 8 багийг холбооны зүгээс тоглолтын эрхээр шагнаж, холбооны цомын тэмцээнд өрсөлдөх эрхийг нь олголоо. “City Cup-2018” тэмцээнд энэ удаа баг тус бүрийг мэргэжлийн 2, шинэ сонирхогч 2, нэг эмэгтэй тамирчдаар бүрдүүлсэн нь багуудыг хүчийг тэнцүүлж, хамрах хүрээг нь өргөжүүлж, онцгой өрсөлдөөнтэй болгосон юм.

Урьд өмнө байгаагүй хамгийн өндөр буюу 10 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр нийгмийн хариуцлагаа дээдлэгч уул уурхайн “STEPPE GOLD” компани (“Cтепп Гоулд” ХХК) ажилласан. Тэмцээнийг Монголын боулинг сонирхогчдын холбоо нь Нийслэлийн Засаг даргын тамгын газартай уламжлал ёсоор хамтран зохион байгууллаа.