"Сэлбэ голын эх" парк нээгдлээ

Нийслэл хотын байгаль орчин, экосистемд чухал ач холбогдол бүхий ус, намаг, ой, ховор ургамал, амьтад бүхий 2071,5 га нутаг дэвсгэрийг “Сэлбэ голын эх” нэрээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр 2012 онд орон нутгийн хамгаалалтад авсан. Энд нийслэл хотын “Хоймор” буюу хамгийн хойд цэг, Баруун Сэлбэ голын эх, эмчилгээний чанараараа олонд алдаршсан Борын рашаан зэрэг газрууд бий.

Уг нутгийг нийслэлийн Байгаль орчны газраас иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэд залууст экологийн боловсрол олгох түшиц газар болгохоор төлөвлөн тохижилтын ажлыг 2018 оны 9-р сараас эхлүүлсэн бөгөөд нийслэлийн анхны хамтарсан менежменттэй орон нутгийн хамгаалалттай газар гэдгээрээ онцлог юм.

“Сэлбэ голын эх” ОНХГ нь бие даасан байгаль хамгаалагчтай, тусгай горимыг мөрддөг, тохижуулсан аяллын замтай, байгаль орчны төслүүдийг жишиг байдлаар хөгжүүлж буйгаараа аймаг, нийслэлийн хэмжээнд орон нутгийн хамгаалалтад авсан 1360 газраас ялгарч байгаа юм. 2018 онд нээлтээ хийж буй Цохиот хад, Борын рашаан чиглэлийн замыг МСМ групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тохижуулсан бол Улаанбаатар аялал жуулчлалын холбооны зүгээс олон улсын мэргэжилтнүүдийг урин ажиллуулж, тайлбар, танилцуулга, дэглэмийг боловсруулсан.

Энд байгалийн төлөв байдлыг хөндөхгүйгээр судалгаа, шинжилгээний ажил явуулах, гэрэл зураг авах, видео бичлэг хийх, явган болон ердийн хөсөгтэй аялал хийхийг зөвшөөрөх бол амьтан агнах, барих, галт зэвсэг, загасны уурга, хавх, урхи авч орох, эрхийн бичиггүйгээр байгалийн дагалт баялаг ашиглах, самар, жимс түүж бэлтгэх, 40 децибеллээс чанга дуу чимээ гаргах, нэгдсэн хогийн цэгээс өөр газарт хог хаях, нэгдсэн ариун цэврийн байгууламжаас өөр газарт бие засах, тогтоосон зам, чиглэлээс өөр газраар явах, шинэ зам гаргах, моторт тээврийн хэрэгсэл ашиглах, түймрийн аюултай, байгаль цаг агаарын тааламжгүй нөхцөлд болон шөнө нэвтрэх, барилга байгууламж барих, газар ухах, ашигт малтмал хайх, мал аж ахуй эрхлэх, худаг гаргах, газар эзэмшүүлэх, ашиглуулах явдлыг бүрэн хориглох юм.

Зэрлэг амьтад ихтэй учир аюулгүй байдлын зөвлөмжтэй нэг бүрчлэн танилцаж байж нэвтрэх гэх мэтчилэн аялагчдын үүрэг хариуцлагыг тодорхойлсон гэж уг төслийн санаачлагч, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга нээлтийн үгэндээ онцлов.

17 Сэтгэгдэлүүд

Comments are closed.