Талийгаач Т.Гомбосүрэнгийн хэрэг шударгаар шийдэгдэх эсэхт гэдэгт эргэлзэж байна гэв

ЗТХЯ-нд өнгөрсөн наймдугаар сард хүн амины хэрэг гарч Т.Гомбосүрэн амиа алдсан билээ. Тэгвэл өнөөдөр талийгаач Т.Гомбосүрэнгийн аав Р.Төмөрхуяг, өмгөөлөгч З.Хүрэлсүх өмгөөлөгч нар мэдээлэл хийлээ.

Талийгаач аав Р.Төмөрхуяг "Миний хувьд, манай гэр бүлийнхний хувьд хүүгийнхээ ясыг өндөлзүүлээд хэвлэлийн хурал хийхээс өөр аргагүйд хүрлээ. Учир нь хуулийн хяналтын байгууллагынхныг энэ хэргийг үнэн зөв шийдээд өгөх болов уу гэж найдан чимээгүй байсан ч бодсоноор болсонгүй. Шүүх хэргийг татаж аваад их тодорхой нэмэлт байцаалт явуулж, бидэнд их сайхан байсан. Одоо л хэрэг үнэн зөв шийдэх болов уу гэж найдаж байсан ч итгэл алдарлаа. Учир нь хуулийнхан мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэт явуулсангүй. Нотлох баримтуудыг нэг бүрчлэн шалгаж нягтлахгүйгээр прокурорт шилжүүлсэн байна. Гэтэл прокурор маш богино маш богино хугацаанд хянаж бидэнд мэдэгдэхгүйгээр шүүхэд шилжүүлэх гэж байна. Ингэхдээ зүйлчлэлийг нь бууруулж, хамгийн хөнгөнөөр шийдэх гэж байна. Энэ хэргийг анхнаасаа албан тушаалын хэргээс үүдэлтэй, зориуд санаатайгаар хөнөөсөн гэж бид үзэж байна.

Үүндээ ч итгэлтэй байна. Үүнийг ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл нотлоод өгсөн. Сайдын өрөөнөөс эхэлсэн архидалд хүний аминд хүрсэн гэж хэлсэн. Үүнтэй бид санал нэг байгаа. Гэтэл цагдаа, прокурор байгууллага нягталж үзсэнгүй. Нотолгоо нь байна, дэд сайд нь нотоллоо. Хөнгөн маягаар энэ хэргийг шийдсэн болгоод дуусах гээд байна. Миний хүү хуульч хүн байсан. Хуулийг гууль болголгүй ажиллаж ирсэн. Би төрийн байгууллагыг хүнд сурталгүй л ажиллуулаарай гэж захьдаг байсан. Үүнийг ч миний хүү биелүүлж ирсэн. Уулзсан хүмүүс хүүд минь ам сайтай байдаг. Ингэж ажиллаж ирсэнийхээ төлөө хүү минь өнөөдөр эх дэлхийнхээ алтан хөрсөнд хэвтэж байна. Үнэхээр харамсч байна.

Тиймээс би энэ хэргийн үнэн мөнийг олуулахын төлөө эцсээ хүртэл тэмцэнэ. Одоо би ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид мэдэгдэл хүргүүлнэ. Хууль хяналтын байгууллагынхаа, цагдаагийнхныхаа асуудал анхаарахыг шаардаж, хугацаатай мэдэгдэл хүргүүлэх болно" гэлээ.

Өмгөөлөгч Н.Отгонбаатар "Талийгаач нас барсан хэрэгт цагдаагийн байгууллага өнгөрсөн наймдугаар сард хэрэг бүртгэлт нээсэн. Үүнээс хойш дөрвөн сарын хугацаа өнгөрөөд байна. Улмаар прокурорын байгууллагаас хэд хэдэн дүгнэлт гаргаад байна. Өмгөөлөгч нарын зүгээс прокурорын байгууллагын шийдвэрийн талаар гомдол өгсөн. Гэвч прокурорын байгууллагаас хариу өгөөгүй байна" гэв. Харин өмгөөлөгч З.Хүрэлсүх "Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан байна. Үүнийг бид мэдээгүй. Энэ хэрэг бол олон нийтэд маш илэрхий хэрэг. Өмгөөлөгчдийн зүгээс олон гомдол, хүсэлт прокурорын байгууллагад хүргэсэн ч заримд нь хариу өгөөгүй хэрнээ шүүхэд шилжүүлэхээр болсоныг хэвлэлээс өгсөн ярилцлагаас харлаа. Уг хэргийг дүүрэг, нийслэлийн хоёр прокурорын байгууллага хянасан. Нэмж шалгах шаардлагатай зүйлс бий гэж прокурорын байгууллагад гомдол гаргаад байхад хариу өгөөгүй шүүхэд шилжүүлэх гэж байгаа нь шударгаар шийдэгдэх эсэхт гэдэгт эргэлзэж байна" гэсэн юм.