Онцгой байдлынханд мэргэшлийн зэрэг олгоно

Мэргэшлийн III зэрэг нь хоёр, II нь гурав, I зэрэг нь дөрвөн жилийн хугацаатай байх бөгөөд зэргийн нэмэгдлийг тухайн албан тушаалын сарын үндсэн цалингийн 5-15 хувиар тооцож олгох юм.

Онцгой байдлын Ерөнхий газраас томилогдох шалгалтын комисс албан хаагчдаас жил бүр ерөнхий мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, сэтгэл зүй, тусгай бэлтгэлийн шалгалт авч, зэрэг олгож байхаар журамд тусгасан байна.

Аюулт үзэгдэл, ослоос аврах, хор уршгийг арилгах нь онцгой байдлын албан хаагчдаас мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн өндөр бэлтгэл шаарддаг.

Тухайлбал шүхрээр нэг удаа буух, усанд 90 минут эрэн хайх ажиллагаа явуулах нь тус бүртээ найман цагийн ачаалалтай тэнцдэг. Мөн уул уурхайн аврагч, гал сөнөөгч, тэсэлгээчин нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гаргасан судалгаагаар хамгийн эрсдэлтэй буюу аюултай 10 ажлын байранд тооцогддог байна.

Иймд онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг мэргэшүүлж, өндөр ур чадвартай болгохын тулд мэргэшлийн зэрэг олгож байх нь зүйтэй гэж үзлээ.