Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оныхоос буурчээ

Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан 2018 оны нийгэм эдийн засгийн байдлын статистик мэдээллээр нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 486 хүнээр буурсан байна.

Гэвч бүртгэлтэй иргэдийн тоог өмнөх сартай харьцуулахад, 782 хүнээр өссөн дүн гарчээ. Өнгөрсөн сарын байдлаар Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 36.2 мянга байв. Үүнээс 25 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.2 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 8.3 мянга нь Улаанбаатарт, 5.6 мянга нь Хангайн бүсэд, 2.4 мянга нь зүүн бүст амьдарч байна. Тэдний 13.2 мянга нь эмэгтэйчүүд байгаа аж.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 437 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд үүний 203 нь эмэгтэйчүүд байна.