Л.Гантөмөр: Өнгөц мэдлэгтэй хүн боловсролтой хүний тоонд орохоо больчихлоо

УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөртэй ярилцлаа.

-Олуулаа өссөн бага насны тань дурсамжаар ярилцлагаа эхэлье, таныг эмээгийн хүү байсан гэж сонссон...?

-Хүний амьдралын хамгийн сайхан мөчийн нэг бага нас гэж боддог. Би хотод төрсөн болохоос хөдөөний хүүхэд. Эхээс долуулаа. Таван хүүтэй айлын хүү. Хөвгүүд яаж зүгээр байх вэ, хоорондоо зодолдоно, маргалдана. Баяр хөөр нь ч хамтдаа. Таны асуусанчлан бид эмээтэйгээ өссөн азтай хүүхдүүд. Эмээ минь малчин хүн байлаа. Гэрийнхээ дэргэд томоо хадлангийн талбайтай. Эмээдээ тусална, малд нь явна, хадлангийн талбай дээр ажиллана. Малчин айлын хүүхдүүд яаж өсдөг билээ, яг тийм ахуйд бага насаа өнгөрөөсөн болохоор эргэж санахад дурсамж ихтэй шүү. Эмээдээ тусалж байгаад хөлөө хадууранд гэмтээж байж билээ. Нэлээд том сорви үлдчихсэн. Наймхан настайдаа хар бор ажилд нухлагдсан жирийн нэг хүү байснаа сорвио харахаараа эргэж дурсдаг.

-Дунд сургуульд байхад чинь Увс аймгийн захиргаа сурлагын алдрыг чинь тэмдэглэж байсан гэж дуулсан, үнэн үү?

-Үнэн үнэн. Инээдтэй гэх үү, бахархмаар гэх үү хэлж мэдэхгүй байна (инээв). Увс аймгийн захиргаа миний сурлагын алдрыг тэмдэглэж байсан. Аймгийн пионерийн байгуул­лагын дарга явсан гэхээр их идэвх­тэй, хэнхэг нөхөр байсан шиг (инээв). Математик их сонирхдог учраас математик, физикийн олон удаагийн аймгийн аварга, улсын математикийн олимпиадын мөнгөн медалийн эзэн болж байсан түүх бий. Японы шалгалтад ороход математик дээр хамгийн дээд оноог ганцаараа авч байлаа. Японд зургаан сар япон хэл сураад коллежийнхоо гуравдугаар курсэд ороход бараг 20 гаруй хичээл үзсэн байдаг юм. Япон хэлгүй очсон гэхэд дундаж оноо 90 хэдтэй гарч байсан. Одоо бодоход анхаарлаа айхавтар төвлөрүүлж чаддаг хүүхэд байж. Аливаад төвлөрөхөөрөө, нэг ажил бариад авахаараа заавал дуусгадаг, ард нь гардаг чанарыг хүүхэд байхаасаа сурсан. Олон дүүтэй хүн өөрийгөө илэрхийлж чаддаг болдог. Сурагч байхдаа нүүрэмгий хүү байсан шүү. Багшаасаа ойлгохгүй зүйлээ шууд асуудаг, санал зөрвөл мэтгэлцдэг байлаа.

-Тооны хичээлдээ сайн хүүхдүүд монгол хэлдээ тааруу байх нь бий. Монгол хэл, уран зохиолдоо ямаршуу хүүхэд байв?

- За бараг үнэн байж болох л юм. Багадаа монгол хэлний хичээлээ сайн ойлгодоггүй байсан шүү. Цээж бичгийн хичээл дээр заавал алддаг. Зуун үгтэй цээж бичиг хийвэл заавал алдана. Одоо бол алдаатай бичдэггүй л дээ (инээв)

-Аав, ээжийнхээ тухай дурсаач, аль нутгийн хүмүүс вэ?

-Аав Өмнөговийнх, ээж Увсынх. Амьдрал бэлэглэсэн гэдэг утгаараа ээж, аав бол эрхэм хүмүүс. Ээжийнхээ удам судрыг мэднэ. Эмээ минь гайхалтай хүн байсан. Аавынхаа ээж дээр анх 23-тайдаа очиж байсан. Оюутан байхдаа Японоос Монголд амралтаараа ирэхдээ Өмнөговь аймаг руу хоёр жуулчин авч явахдаа эмээгээ хайлаа. Сураглаж явсаар Ёлын аманд аавынхаа охин дүүгийнд хар шөнөөр очдог юм. Нөхөр нь Батмөнх гээд мундаг хүн. Одоо том бизнесмен болсон. Тухайн үедээ Өмнөговь аймгийн хангамжийн дарга шахуу байсан шүү. Яваад ортол өнөөдүүл “Ахын хүүхэд ирчихлээ гэж үү” хэмээн гайхацгаагаад. Тэндээс эмээ, аавынхаа дүү нарын сургийг гаргаад Булган сум руу явлаа. Нэг дүү нь сургуулийн захирал, нөгөө дүү нь сумын Засаг дарга хийж байна аа. Ингэж нэг эмээтэйгээ уулзсан даа. Яваад очтол эмээ хатуу үг хэлдэг юм. Оройхон “Аавын чинь ор энэ. Тэр хүнийг ирэх болов уу гэж ингээд хүлээгээд суудаг даа гэж байна. Тэгснээ “Хүний хүү ийм ухаантай. Тэгэхэд миний хүү яачихсан юм бэ” гэдэг байгаа. Аймаар үг. Зээ нь ирж байхад тэгж хэлнэ гэдэг. Хүний хүү гэсэн үг сонсоод эмээдээ гомдоод шөнөжингөө уйллаа. Эмээ аргадаад, тэр шөнө өвөрт нь унтаж байсан үе санаанаас гардаггүй. Тэр үед би эмээдээ дараа жил аавыгаа авчрах амлалт өгөөд буцлаа. Дараа жил нь аавыг дагуулаад явах гэтэл “40 айлын бэлэг бэлдэж чадах юм уу” гэж асууж билээ. Байсан 10 мянган ам.доллараа ганзагын наймаанд явах гэж байсан ахдаа өгчихсөн хүнд ямар мөнгө байх вэ. Ийм шалтгаанаар тэр жилдээ чадаагүй. Харин дараа жил нь хэлсэн бэлгийг нь бэлдээд аавыгаа дагуулаад очсон доо. Сумаараа хүлээж аваад сайхан байсан. Олон жилийн дараа ээжтэйгээ уулзаж байгаа 60 хүрсэн хүнийг харах сонин мэдрэмж юм билээ. Хүн бүрийн амьдрал ийм адал явдалгүй өрнөдөг байх.

Миний хувьд нэг ийм адал явдал дунд амьдарсан. Аав дараа нь ээждээ байнга очдог болсон. Ээж нь хүүгийнхээ өвөр дээр тэнгэрт хальсан даа. Ийм түүхийг бүтээхэд чадахаараа зүтгэсэндээ би өнөөдрийг хүртэл өөртөө баярладаг. Миний эмээгийн удам их мундаг. Дундговийн алдартай дуучны удам. Ийм сэжмээр удмын номоо бичсэн. Удмаа мэдэхгүй байж болохгүй. Удам судраа мэднэ гэдэг асар том ухаан.

-Боловсролын сайд байсан гэдэг утгаар тань асуумаар санагдаад. Ер нь боловсролтой хүн гэж хэнийг хэлэх вэ. Ном эрдмээс гадна хандлагыг чухалчилдаг болчихсон гэдэгтэй та санал нийлэх үү?

-Юуны өмнө гүнзгий мэдлэгтэй байх учиртай. Өнгөц мэдлэгтэй хүмүүс боловсролтой хүний тоонд орохоо больчихлоо. Хоёрдугаарт, ямар нэгэн зүйлийг чаддаг байх ёстой. Гэхдээ энд би өндөр чадварын тухай ярьж байна. Гуравдугаарт, өндөр ёс суртахуунгүйгээр боловсролыг төсөөлөх аргагүй. Ёс суртахуун гэдэг нь тухайн хүний хийж байгаа зүйлдээ хандах хандлага. Хандлагын хувьд ажлаа нуруундаа үүрч чадах уу, гэр бүлээ авч явах чадал бий юү гэх мэт хэмжүүрээр хэмжигддэг. Базаад хэлбэл амьдрах ухаантай хүнийг л боловсролтой гэнэ.

-Ажил олгогчид ажилд орох гэж байгаа хүмүүсийн дипломыг харахаа больчихлоо гэдэг нь цаанаа ийм учиртай болж таарах нь ээ?

-Сүүлийн үед диплом харахаа больчихлоо гэдэг үнэн л дээ. Чадварыг нь, ёс суртахуун, хандлагыг нь хардаг болчихсон.

-Таны ярианаас анзаарахад боловсролын суурь нь ерөөсөө л ёс суртахуун, хандлага юм байна. Тэр хандлагыг төлөвшүүлдэг суурь нь гэр бүл байх тийм үү?

-Хүн төрсөн цагаасаа л суралцдаг. Суралцах чадвар сониуч зан дээр суурилдаг. Зургаан нас хүртэл хүний ерөнхий зан чанар тогтоно гэж яриад байгаа нь ийм учиртай. Энэ нас хүртлээ хүн асар хурдтай суралцдаг. Тэгэхээр гэр бүл ямар хүн байхын суурийг тавьдаг болж таарч байгаа биз. Аавыгаа, ээжийгээ дуурайдаг. Юмыг сурах амархан, мартах хэцүү. Нэгэнт сурчихсан зүйлийг санаатайгаар тархинаасаа устгана гэж бараг байхгүй дээ. Бүр хэвлийд байхаасаа хүний ямар хандлагын суурь тавигдаж эхэлдэг тухай судалгаанууд өчнөөн байна. Хэвлийд байхад нь хэрүүл хийгээд байвал муу хүн төрдөг гэж байна. Хэвлий дэх үрдээ хөгжим сонсгосон ээжээс хөгжмийн асар өндөр тийм мэдрэмжтэй хүн төрдөг гэдгийг нотолчихсон байх жишээний.

-Монголчуудын дунд нийтлэг анзаарагддаг нэг зүйл бол хүүхдээ загнаж хүмүүжүүлэх ёстой гэх үзэл байна л даа. Энэ хэр зөв хандлага вэ?

-Загнах буруу. Миний хувьд сайн хүнийг асар бүтээлч хүн гэж ойлгодог. Түүнээс биш хүнтэй сайхан мэндэлчихдэг хүнийг сайн хүн гэхэд учир дутагдалтай. Бүтээлч хүн загнадаг орчноос төрдөггүй. Багаасаа өөрийнхөө бодлыг илэрхийлж сурсан хүүхэд бүтээлч болдог. Сониуч байж чаддаг. Ер нь багшаасаа, аав, ээжээсээ юм асуудаг хүн л хамгийн сайн суралцдаг. Асуулт асууж байгаа хүн аливааг сонирхож байна гэсэн үг. Сонирхоод эхлэхээр уураг тархи хөгждөг. Сүүлийн үед сургалтын арга зүйл өөрчлөгдсөн. Асуулт асуух, сонирхсон асуудлаа судлах, судлаад өөрийнхөөрөө дүгнэлт гаргах, гаргасан хариугаа олон түмэнд илтгэл болгож танилцуулах гэсэн дөрвөн процесс дамжиж байна. Ийм процессоор суралцсан хүмүүс юмс үзэгдлийг жинхэнэ утгаар нь таньж мэднэ гэж байна.

-Багадаа загнуулаагүй хүүхэд бүтээлч, сониуч болно гэсэн таны үгийг сонссон чинь хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт сургаал санаанд орлоо. Гурван нас хүртэл нь хаан мэт тахь гээд сургасан байдаг даа. Ийм насанд нь цэцэрлэгт өгчхөөр багшдаа загнуулахаас эхлээд өнөө сониуч, бүтээлч занг нь алга болгох нөхцөл үүсдэг юм байна даа...?

-Таны хэлсэн шиг гурван нас хүртэл нь хаан мэт тахь гэдэг нь битгий загнаарай л гэсэн санаа. Хүүхэд гурван нас хүртлээ юмсыг сонирхож, эрж хайж, тархиндаа асар их мэдээлэл авдаг. Ийм суурийг нь тавиад өгчихвөл цагаа тулахаар амиа аваад гараад явчихдаг хүн болох чадвар суудаг гэдэг. Хүнээс горьддоггүй, бусдыг шүүмжлээд суугаад байхгүй, ямар ч асуудлаас гарц олж чаддаг хүн болгохын тулд бидний өвөг дээдэс тэгж сургаж байсан. Дөрөв, таван настайд нь хатан мэт тойл гэдэг. Цэвэрхэн байлга гэсэн санаа. Өөрийгөө цэвэрхэн аваад явчихдаг хүн бол насан туршдаа хогийн амьдрал руу хутгалддаггүй гэсэн санаагаар хэлсэн сургаал гэж боддог юм.

-Та өөрийгөө хэр боловсролтой хүн гэж боддог вэ?

-Сүүлийн үед өөрийгөө жаахан голж л байна. Залуу байхад иртэй, зоригтой байж. Оюутан ахуйдаа “Би бүхнийг чадна” гэж боддог байжээ. Өндөр боловсролыг боддоггүй, аливааг энгийнээр тайлчихдаг чадвартаа л итгээд явж. Цаашдаа өөрийгөө хөгжүүлэх шаардлага байна. Ялангуяа энэ олон жил улстөрийн завгүй амьдралаар явчхаар хувь хүний хөгжил, гэр бүлээ орхигдуулдаг юм байна.

-Хүчтэй хувь хүний хамгийн гол чанар гэвэл та юуг онцлох вэ?

-Аливаад өөрийн бодлоор ханддаг байх чанар их чухал санагддаг. Миний амьдрал бол миний л амьдрал, саад бэрхшээлийг өөрөө туулаад гарна гэсэн итгэл, хандлага хүнийг хүчтэй харагдуулдаг. Би хүүхдүүддээ өөрөөрөө бай, өөрийгөө битгий хуур гэж захидаг юм. Өөрийгөө хуурахаа байчхаар хүнийг хуурахаа больдог. Цаашлаад яривал нийгмээ сүйтгэхээ байдаг. Өөртөө итгэж байгаа хүн бусдад итгэдэг. Өөртөө итгэдэггүй бол бусдад итгэхгүй, бусадтай хамтарч чадахгүй, бусдад тусалж чадахаа больдог. Хүн болгон өөрийнхөөрөө оршиж, өөрийнхөөрөө асуудалд хандаж, өөртөө анхаарал тавиад сурчихвал аяндаа бусдад анхаарал тавьдаг болно. Өөртөө анхаарч, өөрийгөө хөгжүүлж чадаагүй хүн бусдыг танина гэж байхгүй. Өөрийгөө мэдчихсэн хүн бусдын тухай бодитой дүгнэлт гаргана, бодитой хамтрагч болно, сайн үйл хийнэ. Олон улсын нэг судалгааг саяхан харлаа. Орчлонгоос буцах цаг нь ирсэн хүмүүсээс юунд харамсаж байгааг нь сонирхож л дээ. Өөрийнхөөрөө байж чадаагүйдээ харамсаж яваагаа судалгаанд оролцогчдын бараг 80 хувь нь хэлсэн байна лээ.

-Хүн ер нь ямар үедээ илүү уйтгарладаг бол?

-Ганцаардсан үедээ. Ер нь хүн хүлээн зөвшөөрүүлэхээрээ аз жаргалтай болдог. Эр эм хоёр яагаад нийлдэг вэ гэсэн асуултын хариу их энгийн. Хүлээн зөвшөөрөөд, нүцгэнээр нь тэврээд байхаар уураг тархи баярладаг байхгүй юу. Уураг тархи ингээд ажиллахаа болихоор л хүн бухимдаж эхэлдэг. Өөрөө өөрийгөө зөвшөөрч чадсан хүн ганцаардлыг давдаг гэж анзаарагддаг. Өөрийгөө зөвшөөрч чадаагүй хүн харин гутралд ордог.

-Таны үнэт зүйл юү вэ?

-Орчлонд надад үлдэх ганц үнэт зүйл бол үр хүүхэд. Гантөмөр гэж хүний үр сад хэдэн зуунаар амьдарна гэдэг утгаараа үр хүүхдээс эрхэм зүйл гэж байхгүй.

-Таны амьдралаа чиг болгодог зарчмыг сонирхмоор байна?

-Өөрийгөө хуурахгүйг хичээдэг. Олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрдөг. Хүн болгон өөрөөрөө амьдрах учиртай. Залхуу байж болно. Тэглээ гээд муу хүн болчихгүй. Өчигдөр залхуу байсан хүн өнөөдөр ажилсаг болж болно шүү дээ. Ингэж хандахаар амар байдаг л даа. Биенд их амар зарчим.

-Тэр үед тэгж нэг том алдаж билээ гэсэн бодол төрнө биз?

-Алдахгүй хүн гэж үгүй. Алдахгүй амьдрал гэж юу байх вэ. Алдаж байж л зөвийг мэднэ шүү дээ.

-Нийгэм, цаг үе огцом өөрчлөгдөж, тэр хэрээр хүний амьдрал, хандлага ч хувирч байна. Товчхондоо таны ярьсан шиг өөрөөрөө амьдрах, орших боломж хумигдсаар байгаа. Ийм нөхцөлд өөрөөрөө байхын тулд яах ёстой юм бол оо?

- Чиний мэдэрч байгаа үнэн л дээ. Маш олон хүн ижилсэхийг хүсч байна. Арай өөрөөр амьдарсан, арай өөрөөр асуудалд хандсан хүнийг буруугаар ойлгодог хандлага хуучин нийгмээс улбаатай. Социализмаас авч үлдсэн араншин. Хэн нэг нь бусдаасаа тасарч хөрөнгөжөөд ирэхээр адалдаг хандлага маш тод анзаарагддаг. Баяжиг л дээ, яагаад болохгүй гэж. Хөрөнгөндөө харам байна гэж шүүмжлэх ч шаардлагагүй. Тэглээ гээд өнөө хүн нь хөрөнгөө аваад орчлонгоос буцахгүй нь бодитой үнэн. Гэх мэтчилэнгээр хүлээн зөвшөөрөөд сурчихвал бүх зүйл амархан.

-Боловсролын өнөөгийн системийн алдаа гэвэл ямар асуудлууд байна?

-Бусад оронтой харьцуулаад харвал онцгойроод алдсан юм байхгүй. Бүх дэлхий адилхан хөгжиж байна. Арай илүү хөгжсөнийг нь харчхаар хөгжиж амжаагүй юмаа голоод байгаа л хэрэг шүү дээ. Монголчууд угаасаа л бичиг номондоо хайртай, номтой хүнийг хайрладаг хүндэлдэг ард түмэн. Монгол боловсролоороо доошоо орчихсон гэдэг худлаа яриа. Хэдэн ном уншиж, кино үзчихээд ийм тийм байх ёстой гэж худлаа төсөөлөл ярьж болохгүй л дээ. Та бид хоёр гэхэд л Монголын боловсролын салбарын бүтээгдэхүүнүүд. Өөрийгөө ухаантай гэж бодож болно. Бусад олон хүн өөр шиг чинь ухаантай гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр өөрийгөө дөвийлгөөд бусдыг үл ойшоох нь тийм ч зөв хандлага биш. Би явцуу бодол л гэж хэлнэ.

-Гэхдээ сайжруулах, шинэчлэх зүйл өчнөөн байгаа биз дээ?

-Байлгүй яах вэ. Хийх ажил маш их байгаа нь тодорхой. Жишээ нь би сайдаар ажиллахдаа хөтөлбөр, арга зүйг нь шинэчилсэн. Шинэчлэхдээ дэлхийн хөгжлийн жишгийг баримталсан. Яагаад ЮНЕСКО гэх мэт дэлхийн том нэгдлүүд дэргэдээ боловсролын сангууд ажиллуулаад байна вэ гэдэг асуулт гарч ирнэ ээ дээ. Боловсрол нь шинжлэх ухаан учраас тэр. Энэ шинжлэх ухааныг судалдаг хүмүүс нь эрдэмтэд. Эрдэмтэд ингэж судалдаг учраас жилээс жилд шинэ санаа гаргадаг. Манайд нэг том асуудал бий. Төрөөс сургуулиудыг санхүүжүүлдэг учраас хэв шинжийн хувьд адилхан байх ёстой гэсэн хандлага хүчтэй анзаарагддаг.

Уг нь сургууль бүхэн онцлогтой байх ёстой. Багш болгон, хүүхэд бүр өөр шүү дээ. Тэр утгаараа би хүүхэд бүртэй ажилладаг систем нэвтрүүлэхийг оролдсон. Сурна, суралцана гэдэг агуулгын хувьд ялгаатай. Заана гэж ярьдаг нь учир дутагдалтай. Заалгаад хэн юу сурах вэ дээ. Хүн суралцсан үедээ л сурдаг. Хүн өөрөө л сурдаг. Өөрөөр хэлбэл хүн өөрөө өөрийнхөөрөө суралцаж болдог. Хүүхэд бүр өөрийнхөө түвшинд юмыг сурч болдог гэсэн үг. Бүх дэлхийн боловсролын алдаа гэвэл ерөөсөө л юм бүрийг адилхан болгох гэж зүтгэснийх. Бүгдийг нэг хэвэнд цутгах гэж дайрсан нь боловсролын гол алдаа. Өөрийгөө таниагүй хүнд ертөнцийг таниулахын төлөө довтолчхоор алдаа болохоос яах вэ. Хүмүүсийн нээсэн шинжлэх ухааны бүтээлийг шууд хуулуулах хэнд ч хэрэггүй эд. Харин аливаа нэг нээлтийг хийсэн эрдэмтний байр сууринаас харах ёстой. Тэр эрдэмтэн шиг процесс дотор асуудал дэвшүүлж судалж, дүнг нь гаргаж, өөрийнхөөрөө ямар нэгэн байдлаар хэлбэрт оруулахыг л суралцах гээд байна л даа. Ньютон яаж чөлөөт уналтыг олж харав гэдэг талаас нь хандах ёстой. Ньютон шиг бодохгүй л юм бол чөлөөт уналтын хурд 9.8 м/сек гэж тогтоогоод хэнд ч хэрэггүй. Чөлөөт уналт бол дэлхийн татах хүч. Ертөнцийн зүй тогтол гэдэг чинь энэ. Үүнийг өөрөөр нь судлуулах ёстой. Тийм учраас хүүхэд бүр, багш болгон, сургуулиуд тус бүрдээ өөр гэж яриад байгаа юм. Тэр утгаар нь мэдлэгийг цөм хэлбэрээр олгоё, үндсэн хөтөлбөр өгье гэж харсан. Хөтөлбөрийг яаж дэлгэрүүлэх нь тухайн сургуулийн эрх. Хөтөлбөрийг өөрийнхөөрөө цааш хөгжүүлэх нь багшийн мэргэжил. Хүүхэд багш, аав, ээжтэйгээ ярилцаад юмыг арай өөрөөр хийж болно. Тэр эрхийг нь л өгсөн. Цөм хөтөлбөрийн гол утга нь энэ. Энэ хөтөлбөрийг багш нар ойлгочихсон.

-Тэгвэл хэн ойлгохгүй байна?

-Улс төрчид ерөөсөө ойлгохгүй, мэдэхгүй байна. Юм уншихгүй болохоор боловсрол гэж юу болохыг ухахгүй байгаа нь үнэн. Уг нь Ч.Хүрэлбаатар, Чойжилсүрэн гэж ирээд яривал онц сурдаг байсан олон хүн улстөрчид дунд бий. Гэтэл байж байгаа царайг нь хар даа. Ийм байж залуу үеэ шүүмжлээд сууж таарахгүй. 60-аад оныхон хамгийн сайндаа орос хэл сурсан. Үсрээд Герман, Чехэд л сурсан. 70-аад оныхноос хамгийн сайн нь Японд сурсан. Ганц нэг нь Америк руу гарч суралцсан байх. 80 оныхон Европ руу гарч эхэлсэн. Япон, Америкт суралцсан. 90 оныхон Харвордад сурч байна. 60, 70, 80 оныхны хувьд Харвордад сурна гэдэг үл бүтэх асуудал байсан. Гэтэл өнөөдөр дэлхийн топ сургуулиудад өчнөөн залуус сурч байна. Японд гэхэд мянган инженер сурч байна шүү дээ. Энэ хүмүүсийг бид тээр доороос хараад тэдэнтэй юу ярина гэж. Тэдний хажууд бид боловсролтой хүний тоонд бараг орохгүй. Ертөнцийн өнцгийг ойлгодоггүй харанхуй бүдүүлэг хүмүүсийн тоонд л орно. Тэр утгаараа Монголын боловсролд сайжруулах зүйл байгаа.

-Улс орны хөгжлийн хэмжүүр нь юу бол?

-Ерөөсөө л шинжлэх ухаан. Шинжлэх ухааных нь хөгжлөөр, шинжлэх ухааныг ашиглаж юу бүтээж байгаагаар л улс орнуудын хөгжил хэмжигддэг. Хоёр дахь хэмжүүр гэвэл иргэдийнх нь ухаан. Ухаан нь дотроо хоёр янз. Нэг нь шинийг бүтээдэг бүтээлч ухаан, нөгөө нь аз жаргалтай амьдруулдаг аз жаргалын ухаан. Өөрөөр хэлбэл амьдрах ухаантай ард түмэнтэй улс хөгждөг нь жам.

-Эдийн засаг хямарлаа гэж ярьдаг. Яг ямар шалтгаанаас болж хямраад байна гэж та хардаг вэ?

-Бид хэрэглээндээ дарлуулчихсан. Хэрэглээнийхээ дарангуйллаас гарч чадахгүй болохоороо хямраад байгаа хүмүүс шүү дээ.

-Санал нийлж байна. Наад захын жишээ нь тоо нь жилээс жилд өсч байгаа жип машинууд байна. Яаж ямар арга замаар хэрэглээнийхээ дарангуйллаас гарах бол?

-Хамгийн наад зах нь өмсөх өчнөөн гуталтай байж шинэ гутал авахаа больцгоох хэрэгтэй л дээ. Зарим нь бүр хоёр, гурван гар утастай явж байна. Өрөө болгондоо зурагттай айл нэмэгдсээр байгаа. Жаахан мөнгөтэй болохоороо хурдан моринд мөнгөө зардаг. Тэгэхээр сэтгэлгээгээ өөрчилмөөр байна. Өнөөдөр Монгол дэлхийн ядуу орны тоонд орохгүй, баян орны тоонд ороход 30 жил арай багадаж байна. Сингапур шиг болъё гэдэг хэрнээ Сингапур ямар зам туулж тэр өндөрлөгт хүрснийг судлахгүй яваад л хамаг учир бий.

Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН 

Сэтгүүлч: П.ОЮУНСУВД