"Алдарт эх"-ийн одонтой найман ээж хуримлав

"Одонтой ээжүүд" цахим нэгдлийн санаачлагаар "Алдарт эх"-ийн 1,2 дугаар одонтой, 36 хүртэлх насны найман ээж өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд хуримлалаа. Хуримын гэрчээр зургаагаас дээш хүүхэдтэй эхчүүд оролцсон нь хуримын ёслолыг улам бахархал, хүндэтгэлтэй болгосон бөгөөд жил бүр энэхүү ёслолыг уламжлал болгон зохион байгуулах юм байна.

Гэрлэх ёслолын ордон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тэдгээр хосын хуримыг үнэ төлбөргүй зохион байгуулж буй бөгөөд бусад байгууллагын дэмжлэгээр "Контенинтал" зочид буудлын ресторанд хурим үргэлжлэх юм. Мөн "Alphard & Velfire Luxury club"-ийн 18 гишүүн хуримын ёслолд чимэглэсэн автомашинаараа үйлчилж байна.

Гэрлэх ёслолын ордны захирал С.Үүрийнтуяа, "НЗДТГ-аас энэ жилийг иргэдийн оролцоотой жил болгон зарласан. Түүнчлэн нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан иргэдийн хуримын ёслолыг өргөн цар хүрээтэй зохион байгуулахыг зорьж ажиллаж байна. Манай ордон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд, "Одонтой ээжүүд" цахим нэгдлийн санаачилсан "Бахархалт ээжүүд" ёслолыг дэмжиж, 36 хүртэлх насны, хамгийн залуу найман хосыг сонгож, хуримын ёслолыг нь идэрийн барилдлагатай сайн өдөр хийлээ. Энэхүү ёслолоор тэдгээр хосын амьдралд сайхан дурсамж үлдээхээс гадна, нийгэмд гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулах, олон хүүхдээс татгалзаж буй гэр бүлд эерэг чиг хандлага түгээх ач холбогдолтой" хэмээв.

"Одонтой ээжүүд" нэгдлийн цахим хуудсаар санал асуулга явуулж тус хуудасны дөрвөн мянга орчим "Алдарт эх"-ийн одонтой гишүүдээс эхний найман ээжийг сонгосон байна.