Дөрвөн тамирчин "Токио-2020" Паралимпт оролцох эрхээ авчээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг Токио-2020 Паралимпийн наадамд оролцох эрх авсан тамирчид болон Паралимпийн холбооны удирдлагыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд, Паралимпэд оролцох эрх авсан тамирчиддаа баяр хүргээд, яамны зүгээс Токио-2020 Олимпд бэлтгэх Үндэсний хорооны ажлыг эрчимжүүлэх, эрхийн төлөөх тэмцээнүүдэд тамирчдаа дэмжих, өргөн хүрээнд оролцуулах, гадаадын дасгалжуулагч, тамирчидтай хамтарсан бэлтгэл хийлгэх зэрэг олон ажлыг төлөвлөн ажиллаж байна гэлээ.

Паралимпийн холбооны удирдах зөвлөл Токио-2020 Паралимпэд 10 тамирчин эрх авч оролцуулна гэж төлөвлөсөн. Үүнээс дөрвөн тамирчин болзлоо ханган эрхээ аваад байна. Цаашид таеквондо төрөлд 2-3 эрх, жүдо бөхийн төрөлд 3 эрх авна гэж төлөвлөж байгаа бол үүн дээр нэмээд Япон Улсад бэлтгэл хийж байгаа хөнгөн атлетикийн тамирчид эрх нэмж чадна гэж үзэж байгаа аж.

Паралимпийн тамирчдын хувьд тусгай шаардлага хангасан тоног төхөөрөмж шаардлагатай. Тухайлбал, буудлагын тэмцээнд оролцох тамирчны тэргэнцэр намддаг учраас зориулалтын тэргэнцэр, дасгалын сум, пауэрлифтингийн тамирчдад тусгай вандан штанк зэрэг тоноглол шаардлагатай байгааг тамирчид сайдад уламжиллаа.

Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, Паралимпэд оролцох эрх авсан тамирчдад БСШУС-ын сайд хүндэтгэл үзүүлж, амжилт хүслээ.