Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмнэ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт, 2019-2020 оны Улсын хэлэлцээрт өнөөдөр Засгийн газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭНХ) болон Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ны удирдлагууд гарын үсэг зурлаа.

2019-2020 оны Улсын хэлэлцээрийн төсөл нийт зургаан бүлэг 51 зүйлтэй бөгөөд хөдөлмөрийн салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, ажлын байр бий болгох, 2020 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэх, нийгмийн хамгааллыг сайжруулах зэргийг тусгасан байна. Тухайлбал, 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэхээр урьдчилсан байдлаар тохирсон гэдгийг ХНХ-ын сайд С.Чинзориг хэллээ. Тэрбээр, “2020 оны төсвийг батлахын өмнө гурван талт үндэсний хороо дахин хуралдаж, ирэх жилийн инфляцийн түвшинг тооцоолон, хэдэн хувиар нэмэхийг эцэслэн тохирох юм” гэв.

Мөн үеэр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээр амжилттай хэрэгжсэнийг талууд онцлов. Тухайлбал, 2014 оноос хойш нэмэгдээгүй байсан цалин 27.5 хувиар өссөн байна. Улмаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 онд 320 000 төгрөг, 2020 онд 420 000 төгрөг байхаар тус тус шинэчлэн тогтоосон юм. Түүнчлэн өрхийн орлого 2018 онд өмнөх жилээсээ 16 хувиар өссөн, ажилгүйдэл гурван хувиар буурчээ.