АТГ-ын дарга, дэд даргыг томилох асуудлаар нийтийн сонсгол хийх албан бичиг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Х.Баделхан, Ж.Батзандан, О.Батнасан, Л.Болд, Х.Болорчулуун, Ц.Гарамжав, З.Нарантуяа, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Я.Содбаатар, Н.Цэрэнбат, Б.Энх-Амгалан нарын зэрэг 19 гишүүн Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргыг томилохтой холбогдуулан эл асуудлаар Нийтийн сонсголын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.5-ыг үндэслэн томилгооны сонсгол хийх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлж, “Томилгооны сонсгол явуулах тухай” албан бичигт гарын үсэг зурсныг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-УИХ-аас Нийтийн сонсголын тухай хуулийг баталсан ч энэ хуульд заасан Томилгооны сонсголыг өнөөдрийг хүртэл огт хийгээгүй байгаа. Тиймээс энэ хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн олон нийтийн хүлээлт, шаардлага бий болсон. УИХ-ын дарга Та УИХ-ын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ Нийтийн сонсголын тухай хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж онцолсонд бид баяртай байгаа. Хуульд заасны дагуу Нийтийн сонсголын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн, томилгооны сонсгол хийх асуудлыг бид өргөн дэвшүүлж байна. Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлаас албан тушаалтныг томилохтой холбогдуулан Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүд хүсэлт гаргасан бол томилгооны сонсголыг явуулна” гэсэн хуулийн зохицуулалттай.

Иймд УИХ-ын нэр бүхий 19 гишүүн бид Танд хандан “Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргыг томилохтой холбогдуулан нэр дэвшиж байгаа хүмүүсээр томилгооны сонсгол хийх ажлыг хуулийн дагуу зохион байгуулж өгнө үү” гэдэг хүсэлтийг тавьж байна. Энэ асуудлыг “УИХ-аар эцэслэн шийдвэрлэх хүртэл нэр дэвшигч тус бүр дээр” гэж онцгойлж бичсэнийг Та анхаараарай.

Хоёр хүн нэр дэвшинэ. Нийтийн сонсгол хийгээд, болж бүтэхгүй янз бүрийн асуудал гараад буцаавал, дараагийн хүн дээр нь ялгаагүй дахиж хийнэ шүү гэдэг утга агуулгатай юм.

Харамсалтай нь Нийтийн сонсголын тухай хуулиар УИХ-тай зөвшилцдөг албан тушаалтанд томилгооны сонсгол хийх боломжгүй байна. Тийм учраас УИХ-ын нэр бүхий гишүүд бид Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нар дээр нээлттэй хэлэлцүүлгийг өөрсдийн бүрэн эрхийн дагуу олон нийт, төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийнхнийг оролцуулан зохион байгуулна гэсэн байр сууриа илэрхийлж, олон нийтэд мэдээлэл хийсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдийг эрхээ хэрэгжүүлж, нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжоор хангах, өрөө тасалгаа гаргаж өгөх тал дээр Та анхаарч өгнө үү.

Цаашид Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, томилгооны сонсголыг зөвхөн УИХ-аас томилогддог биш, зөвшилцдөг албан тушаалтанд ч хийдэг өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байна гэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар:

-Өмнө нь хэрэгжиж байгаагүй учраас анхны, шинэ ажил болно. Анхаарах хэдэн асуудал байна.

Нэгдүгээрт, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга чөлөөлөгдөөгүй байгаа. Сая шинэ гарсан хууль, эрхзүйн үндэслэлээр ҮАБЗ-өөс УИХ-д зөвлөмж ирүүлэх юм бол чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ.

Хоёрдугаарт, олон улсын туршлагаас харахад бусад зөвшилцдөг албан тушаалууд дээр Ёс зүйн хороогоор нээлттэй хэлэлцүүлэг хийж, дүгнэлт гаргаад, томилох эрх бүхий албан тушаалтанд албан бичиг явуулдаг практик байна. Түүнчлэн онцгой нөхцөл үүссэн үед, тухайлбал саяынх шиг иргэнээ эрүүдэн шүүсэн гэх мэт асуудал гарвал шүүгч, прокурор болон бусад эрх бүхий албан тушаалтныг ажлаас чөлөөлөх асуудлыг Ёс зүйн хорооны санаачилга (манайхаар бол Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо байж болно)-аар хэрэгжүүлдэг эрх зүйн зохицуулалт байна. Энэ болон бусад хүрээнд зөвшилцөх албан тушаалтны асуудлаар хэлэлцүүлэг, сонсгол хийх, дүгнэлт гаргах чиглэлээр хууль санаачилж болно.

Гуравдугаарт, манайх Дэд хорооддоо ач холбогдол өгөхгүй байна. Хүний эрхийн, Тусгай хяналтын, Ёс зүйн дэд хороодод хуулиар олгосон эрх хангалттай бий. Парламентын хянан шалгах үүргийг хэрэгжүүлдэг, мөрдөн байцаах ажиллагаатай танилцдаг гэх мэт. Ёс зүйн дэд хороо манайд парламентын хэдэн гишүүнийхээ ёс зүйн хүрээнд эргэлддэг. Уг нь төрийн бүх шатны алба хаагчид, түүн дотроо удирдах албан тушаалтны ёс зүйн асуудлыг ч хэлэлцэх боломжтой. Эдгээр асуудлыг цаашид анхаарах ёстой гэлээ.