Өнжмөл өвс шатаасны улмаас 10 гаруй айлын байшин шатлаа

Өчигдөр СБД-ийн 19-р хороо “Гоодойн ам”-д шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 13:55 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 34, 74, 10, 26, 18 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 102 алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллан, түймрийг цурманд оруулан бүрэн унтраасан юм.

Түймэр гарсантай холбогдуулан ОБЕГ-аас хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна. Мөн иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэрэг гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг санууллаа.