“Монгол-Хятадын ЭКСПО” хамтран зохион байгуулна

“Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, худалдааны хэмжээг жилээс жилд нэмэгдүүлэх, 2020 он гэхэд 10 тэрбум долларт хүргэх зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд “Монгол-Хятадын ЭКСПО” арга хэмжээг 2 жил тутамд зохион байгуулж байхаар тогтсон. Тунхаглалын хүрээнд энэхүү арга хэмжээг ХХААХҮЯ-наас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотноо 2015, 2017 онд тус тус амжилттай зохион байгуулсан.

ХХААХҮ-н Сайдын удирдлагаар 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр ӨМӨЗО-ны Хөххот, Улаанцав хотуудад “Монгол-Хятадын ЭКСПО” 3 дах удаагийн арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээний бэлтгэл ажлыг хангахаар ХХААХҮЯ-ны ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Жамбалцэрэн тэргүүтэй яамны удирдлагууд хамтрагч талын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэ удаагийн арга хэмжээний хувьд “Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжицгээе” уриан дор Үзэсгэлэн худалдаа, Хөрөнгө оруулалт, Хурал форум, Соёлын солилцоо гэсэн 4 чиглэлээр 20 гаруй салбар арга хэмжээг зохион байгуулаах тохиролцлоо. “Монгол-Хятадын ЭКСПО” 3 дах удаагийн арга хэмжээнд үндсэн зочин орноор Япон Улс, БНСУ уригдаад байна. Мөн энэ жилийн хувьд Монгол-Хятадын Ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн ОУ-ын форум, Ноолууран хувцасны загвар, дизайны уралдаан, тэмцээнийг шинээр зохион байгуулахаар боллоо.