“Эрүүл хөрс-Эрүүл орчин” өртөөчилсөн өдөрлөгийг дүүрэг бүрт зохион байгуулна

Иргэдэд хөрсний бохирдлын талаар мэдээлэл сурталчилгаа хүргэх, нүхэн жорлонгийн стандартыг танилцуулах, хотын суурьшлын бүсийн хөрсний бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр “Эрүүл хөрс-Эрүүл орчин” өртөөчилсөн өдөрлөгийг дүүрэг бүрт зохион байгуулна.

Гэр хорооллын нүхэн жорлонгоос үүдэх хөрсний нянгийн бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, иргэд өөрсдөө жорлон, бохирын цооногоо тогтмол ариутгаж, халдваргүйжүүлдэг болгох нь уг өдөрлөгийн зорилго юм.

Өдөрлөг нь тухайн өдрийн 10.00-17.00 цагийн хооронд хуваарийн дагуу төлөвлөсөн байршилд зохион байгуулагдах бөгөөд өдөрлөгт нүхэн жорлонгийн бохир задлах, үнэр дарах, лагийн хэмжээг бууруулах, хөрсний үржил шимийг сайжруулах зориулалттай амьд бактери бүхий био бэлдмэл, хөрсний бохирдолгүй био жорлон үйлдвэрлэдэг болон импортолж худалдаалдаг, аж ахуйн нэгж байгууллагууд оролцож, өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ иргэдэд танилцуулж, сурталчилан худалдаалах ажлыг зохион байгуулах юм.