Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхийг гишүүд гар өргөн дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан 16.25 цагт 81 хувийн ирцтэйгээр эхэлж, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх чиг үүрэг бүхий ажлын баг байгуулж, Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Төрийн байгуулалтын байнгын хорооноос хоёр асуудал хэлэлцэхээр чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлнийг танилцуулав. Тодруулбал, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын баг байгуулах, Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тогтоолын төсөл хэлэлцэнэ гэлээ.

Эхлээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын баг байгуулах тогтоолын төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Тус Байнгын хороо өнөөдөр хуралдаж дараах гишүүдийг ажлын багт оруулахад санал нэгдсэн байна. Ажлын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, гишүүнээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж, Г.Солтан, Л.Болд, Д.Лүндээжанцан, Я.Санжямтав, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат зэрэг байхаар тогтоолын төсөл боловсруулжээ.

Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, "Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 13-ны хуралдаанаараа дэмжсэн. Мөн өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар байнгын хорооны санал, дүгнэлтийг дэмжиж дараагийн шатанд шилжүүлсэн. Тиймээс хуулийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын баг байгуулах шаардлагатай. Ажлын багийн бүрэлдэхүүнийг МАН-ын бүлэг, АН-ын зөвлөлтэй хэлэлцэж, Байнгын хороогоор өнөөдөр оруулсан. Парламентад суудалтай намын төлөөлөл, эмэгтэй гишүүдийн төлөөлөл, шинээр байгуулагдсан намын төлөөлөл зэрэг нийгмийн бүхий л салбарын төлөөллийг хамруулсан. Мөн төсөл боловсруулах үед ажлын багт ажиллаж байсан хүмүүсийг нэгтгэсэн" гэв.

Мөн үеэр, Үндсэн хуулийн эхийг баригчаар УИХ-ын гишүүн, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулсан ажлын багийн ахлагч Д.Лүндээжанцанг томилов.

Ийнхүү Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын баг байгуулах тогтоолын төслийг дэмжсэн томъёоллоор санал хураахад, гишүүдийн 57.5 хувь нь дэмжиж, баталлаа.