Ардчилсан намын дарга С.Эрдэнэ ДР.Герхард Ваалерсыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ КАС (Конрад аденауэрийн сан)-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал ДР.Герхард Ваалерстай ХБНГУ-ын Берлин хотноо долдугаар сарын 19-ны өдөр уулзлаа. Уулзалтын үеэр Монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцохын зэрэгцээ Ардчилсан нам, КАС-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын хамтын ажиллагааны тухай ярилцсан юм.  Ардчилсан нам нь КАС-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтын ажиллагаагаа олон чиглэлд  идэвхжүүлж байгаа төдийгүй орон нутаг дахь үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаа талаар мэдээлэл солилцлоо.   Мөн Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд "Олон улсын Ардчилсан холбоо"-ны IDU олон улсын бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буйг  Ардчилсан намын дарга С.Эрдэнэ уулзалтын үеэр онцоллоо. Тус хурлыг КАС-тай хамтран зохион байгуулах, ХБНГУ-ын эрх баригч Христын Ардчилсан холбоо нам (CDU) болон тус сангаас төлөөлөгч оролцуулах зэрэг өргөн сэдвийн хүрээнд харилцан санал солилцож, ярилцсан юм.