Говиос хэлхсэн "гоё" мэдээ

Жилийн цэвэр ашиг нь 806 тэрбумаар тоологдох "Эрдэнэс Тавантолгой” гэж төрийн өмчит "Эрдэнэт”-ээс дутахгүй баян компанитай болсныг хэлэх үү, дагаад улстөрчдийн шунал хүсэл, ашиг сонирхол, олны хэл ам, хардлага сэрдлэг үл тасарна. Улсаараа хувьцаатай тус компанийн Улаанбаатар дахь төв оффисийг нь тойрсон улс төрийн хэм ид улайсч байгаа бол уурхай дээр нүүрс олборлох, тээвэрлэх, ажил чөлөө завгүй явагдаж байна.

Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн шүлэгт гардагчлан гангийн нар дээрээс нь хуйхалчихсан юм уу гэмээр энэ жил хур бороо багатай юу, говь нутаг зуншлага тааруухан байна. Газрын өнгө одооноос л ногоорч байгаа шинжтэй, ноостойгоо ноолорсон тэмээ зам зуурт цөөнгүй харагдав. Улаанбаатараас Өмнөговь чиглэлийн зам ёстой л там болжээ.

Цогтцэций сумаас 30-аадхан километрийн зайтай "Эрдэнэс Тавантолгой”-н гэр кэмпүүд байрлаж, уурхайчдыг тав тухай амраах нөхцөл бүрдүүлэхийн тулд хэрэндээ хичээсэн харагдана.
Гэхдээ хувийн том кэмпүүдийг яаж гүйцэх вэ. Уурхайн ажлын ид оргил үед Тавантолгойн зүүн, баруун Цанхид 600 орчим хүн өдөр, шөнөгүй ажилладаг аж. Тэдний хүчээр "Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн жил 806 тэрбумын цэвэр ашиг олж, тэр мөнгийг нь ҮАБЗ-ийн зөвлөмжөөр Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр болсон билээ.

Тавантолгойн орд нь коксжих нүүрсний чанараараа Монголдоо төдийгүй дэлхийд дээгүүрт тооцогддог орд. Эрчим хүчний болон коксжих нүүрсний нөөц нь 6.4 тэрбум тонн.
Өнгөрсөн жил гэхэд тус ордоос 13 сая тонн нүүрсийн экспортод гаргасан бол энэ жил 18 сая тонн нүүрс экспортод гаргах зорилт тавьжээ.

Одоогоор 8 орчим сая тонн нүүрс экспортод гаргасан талаар "Эрдэнэс Тавантолгой” компанийн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга Ц.Баярмагнай ярьж байна. Зүүн Цанхид "TTVJCO”, баруун Цанхид "Моннис”, "Хишиг арвин индустриал” олборлолт хийдэг аж.

Жилийн ашгаа компанийн хөгжилд хэрэгтэй бүтээн байгуулалтад зарцуулсан бол гэх бяцхан харамсал уурхайчдын дунд байгаа ч тус компанийн зүгээс 2019 онд хийхээр төлөвлөсөн ажлуудаа болж бүтэхээр нь явуулж буй юм байна. Хүнд даацын автомашины зам тавих, нөхөн сэргээлтийн чиглэлээр томоохон ажлуудыг ч хэдийнэ эхлүүлж.

Сүүлийн жилүүдэд уул уурхайн компаниуд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг болсон. "Эрдэнэс Тавантолгой” ч ялгаагүй нүүрсийг нь авч байгаагийн хариуд говийг ногооруулах төслийг эхлүүлээд байгаа аж. Төслийн нэр нь "Ногоон говь”. Нийтдээ 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилттэй уг төслийг хэрэгжүүлэхийн тулд эхлээд говьд ямар мод ургах талаарх эрдэмтэдтэй хамтарсан туршилт явуулжээ.