Усны салбарын эрдэмтэн судлаачдын санал, зөвлөмжийг есдүгээр сарын 13-ныг хүртэл хүлээн авна

Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа Улаанбаатар хотын ус хэрэглээний өсөлт болон уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтын хам нөлөөгөөр Туул голын урсцын горимд өөрчлөлт орж, хаврын гачиг үед нийслэл Улаанбаатар хот орчимд Туул гол урсацгүй болж, тасрах, шургах үзэгдэл түгээмэл ажиглагдах болсон төдийгүй энэ сөрөг үзэгдлийн үргэлжлэх хугацаа, хамрах хүрээ нэмэгдэх хандлагатай болсон.

Туул голын сав газрын Улаанбаатар хот орчмын хэсэгт газрын доорх усны нөөцийн ашиглалт хамгийн өндөр буюу 44,7 хувь байна. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд хотын усны хэрэглээ 2030 оны төвшинд 614,4 мян.м3/хоног болж өсөхөөр тусгагдсан. Иймд газрын доорх усны нөөцийн ашиглалтад тавих хяналтыг сайжруулж, зохицуулалт хийх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/756 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдаж, нийслэлийн нутаг дэвсгэрт өрөмдмөл худаг гаргах, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах үйлчилгээг усны нөөц, ашиглалтын төвшинтэй уялдуулан нутаг дэвсгэрээр ялгавартай үзүүлэх санал, дүгнэлт боловсруулж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалаар удирдуулсан ажлын хэсэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Байгаль орчны газар, Туул голын сав газрын захиргаа, "Монгол ус" ТӨҮГ, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газрын төлөөлөл орсон бөгөөд усны салбарын эрдэмтэн судлаачдын санал, зөвлөмжийг есдүгээр сарын 13-ныг хүртэл нийслэлийн Байгаль орчны газарт хүлээн авна.