Энэ амралтын өдөр "Автомашингүй өдөр" тохионо

Нийслэлийн засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр”-ийг есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд “Цэвэр агаартай өдөр”, “Цэвэр агаартай-автомашингүй өдөр” гэсэн үндсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулна.

“Цэвэр агаартай өдөр” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд есдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр гэр, байшингийн дулаалгын материал, халаалтын шийдлүүд, эко автомашин, шинэ дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүнээ танилцуулсан 40 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцоно. Мөн Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж буй төрийн байгууллагууд хэрэгжүүлж буй арга хэмжээ, ажлаа танилцуулна. Энэ өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж байгууллага дулаан, цахилгаанд холбогдох техникийн нөхцөл олгох, ногоон зээлийн сангаас зээл авах, цахилгаан болон хийн халаагуур, сайжруулсан хатуу түлшний түгээлт борлуулалтын цэгийн мэдээлэл, орон байраа дулаалах зөвлөмж, тасалгааны цэцэг, мод үрсэлгээний талаарх зөвлөмж, мэдээллийг нэг дороос авах боломжтой. Мөн 5000 дугуйчдын парад, шохойн зургийн уралдаан, спорт, урлагийн олон арга хэмжээ зохион байгуулагдана

Автомашингүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, Сөүлийн гудамж, Бага тойруу, Самбуугийн гудамж, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Сансарын тойргоос зүүн дөрвөн зам хүртэлх туслах замын хөдөлгөөнийг 2019 оны есдүгээр сарын 15-ны ням гарагийн 07.00-18.00 цагийн хооронд түр хязгаарлана. Энэ хугацаанд дээрх гудамж, замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн чиглэлийг Нарны зам, Их тойруугаар түр зорчуулахаар төлөвлөжээ.