С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын төр, нийгмийн 20 дугаар зууны нэрт зүтгэлтэн, ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг Санжаасүрэнгийн Зориг агсан одоогоос 21 жилийн тэртээ буюу 1998 оны 10 дугаар сарын 2-нд бусдын гарт амь насаа алдсан юм.

Монголын хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгод хар сүүдэр болж түүхэнд бичигдсэн энэ "Хар өдөр"-ийг Монголын ард түмэн мартаагүй байна. Одоогоос 21 жилийн тэртээ хэрцгийгээр хөнөөгдсөн С.Зориг агсны хөшөөнд түүний төрсөн ах Санжаасүрэнгийн Баяр тэргүүтэй МоАХ-ны журмын нөхөд, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан болон ард түмний төлөөлөл хүндэтгэл илэрхийлж цэцэг өргөлөө. Өнөөдрийг хүртэл Монголын ард түмэн энэ хэргийн захиалагчийг илрэх болов уу гэсэн хүлээлттэй байсаар байгаа.