Гурван иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас өдөрт хоёр удаа мэдээлэл хийж байгаа юм. Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд өнөөдөр 16.00 цагаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийв.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Аравдугаар сарын 10-ны өдрийн 06:00-15:00 цагийн байдлаар угаарын хийнд хордсон гэх дуудлагаар таван өрхийн 11 иргэн (дөрвөн хүүхэд, долоон том хүн) эмнэлэгт хандаж, үүнээс гурван иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Ирсэн дуудлагыг дүүргээр нь авч үзвэл, Чингэлтэй дүүрэгт нэг өрхийн хоёр хүн, Баянзүрх дүүрэгт хоёр өрхийн гурван хүн, Хан-Уул дүүрэгт нэг өрхийн нэг хүн, Сонгинохайрхан дүүрэгт нэг өрхийн таван хүн байна” гэлээ.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал “Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас болон холбогдох албаны хүмүүс гэр хорооллын айл өрхүүдэд тохиолдоод байгаа угаартах асуудалтай холбогдуулан ахуйн нөхцөлд туршилт хийсэн. Шахмал түлшийг энгийн ханан пийшинтэй айлд түлж, гэр доторх тасалгааны агаарт байгаа угаарын хийн агууламжийг хэмжсэн. Үүнээс гадна энгийн зууханд сайжруулсан шахмал түлшийг гурван аргаар галлаж үзсэн. Нэгдүгээрт, мод асаагаад дээрээс нь түлш хийх, хоёрдугаарт, цогон дээр нь нүүрс нэмж хийх, гуравдугаарт, дээрээс нь галлах гэсэн гурван аргаар туршилт явуулсан. Туршилтын хэмжилтүүдээс харахад гэр доторх тасалгааны агаарт байгаа угаарын хийн агууламж нэмэгдсэн зүйл байхгүй хэвийн байна гэж гарсан” гэсэн мэдээллийг өгөв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс