НДШ-ийг хоёр хувиар нэмэх асуудалд Ерөнхийлөгч хориг тавихаар болжээ

ИХ 2020 оны төсөв болон нийгмийн даатгалын сангийн тухай хуулийг баталсан. Энэ хүрээнд ирэх жилээс буюу 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэгдүүлэх болсон.

Энэ шийдвэр ард иргэдийн нуруун дээрх ачааг нэмэгдүүлнэ гэж олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй байгаа бол шийдвэр гаргагчдын зүгээс нийгмийн даатгалын салбарын алдагдалтай явж ирсэн тогтолцоог шинэчлэх эхлэл нь энэ гэж тайлбарлаж байгаа.

Тэгвэл дөнгөж сая Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл өглөө. Тэрбээр "Нийгмийн даатгалын шимтгэлийн 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс нэмэгдэх 2 хувь дээр хориг тавихаар болсон. Тодруулбал 25 хувь болох гэж байгаа шимтгэлийг 23 болгож зогсоохоор хориг тавихаар болж байна” гэв.