U-money картыг хүнсний дэлгүүр болон ПОС ашигладаг бүхий л газарт цэнэглэдэг боллоо

“Улаанбаатар смарт карт” ХХК-иас үйлчилгээгээ хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор Кассын “ПОС” төхөөрөмжөөр дамжуулан картаа цэнэглэх боломжийг бий болгоод байна. U money картыг цэнэглэх боломжтой дэлгүүр, Түргэн үйлчилгээний цэг бусад үйлчилгээний газруудыг нэмэгдүүлснээр хэрэглэгчдэд үйлчилгээ илүү ойртож байна. Энэ талаар өнөөдөр “Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд, Тауэрсофт ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхдөл, “Улаанбаатар смарт карт” компанийн маркетингийн менежер Б.Батзул нар мэдээлэл хийлээ.

Кассын Пос төхөөрөмж, программ ашигладаг үзвэр үйлчилгээ эрхлэгч, нэрийн барааны дэлгүүр эзэмшигчид цэнэглэлт хийх эрхтэй болж байгаагаарай онцлогтой юм байна. Нийслэлийн хэмжээнд U-money карт цэнэглэх, борлуулах 500 гаруй гэрээт цэг байдаг. Тэгвэл энэ онд Кассын Пос-оор цэнэглэх үйлчилгээ нэвтэрснээс цэнэглэх цэгийн тоог 700 гаруй болж нэмэгдэх юм. Ирэх 2020 онд 2.000 болгож нэмэгдүүлэх зорилт тавин аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулахаар төлөвлөөд байна. Иргэд өмнө нь ухаалаг картаа зөвхөн автобусны буудлуудад байрлах гэрээт цэгүүдээр цэнэглэдэг байсан бол одоо өөрт ойр байрлах хүнсний дэлгүүр болон ПОС ашигладаг бүхий л газраар дамжуулан цэнэглэх боломжтой болжээ.

ПОС машин нь бэлэн бус төлбөр тооцооны олон боломжийг нэг дороос авах боломж бүхий карт уншигч бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг автоматаар бүртгэж банкны картаар хөнгөлөлт урамшууллын хөтөлбөрт хамрагдах боломжтойгоороо онцлогтой аж.

2020 оны нэгдүгээр сараас эхлэн хүсэлт гаргасан иргэдэд картын үлдэгдлийг буцаан олгох үйлчилгээ нэвтрүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд уг үйл ажиллганаад мөрдөж ажиллах "Картын үлдэгдэл буцаан олгох журам"-ын талаар товч мэдээлэл хүргэж байна.

Үүнд:

  • Хэвийн ажиллагаатай картын үлдэгдлийг бүрэн буцаана.
  • Картын үлдэгдэл буцаах авах хүсэлтийг УБСК Хэрэглэгчийн төв болон НҮНТөвийн Дүнжингарав, Драгон, Мишээл экспо салбаруудад хүлээн авна.
  • Үйлчилгээний шимтгэл 100 төгрөг бөгөөд шимтгэл хассан дүнг бэлэн мөнгө хэлбэрээр шууд олгоно.
  • Картын үнийг буцаан олгохгүй бөгөөд буцаалт хийгдсэн карт иргэнд эргэн шилжиж дахин ашиглах боломжтой байна.