Хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгох тогтоол хэрэгжиж эхэллээ

Хүүхдийн мөнгөн тэтгэмж авахаар хүсэлт гаргасан өрхийн 0-18 насны хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.

Тодруулбал, УИХ-ын чуулганы өнгөрсөн 11 дүгээр сарын 28-ны хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан. Тогтоолд, Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 нас хүртэлх насны, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөнгөн тэтгэмж олгохоор тусгасан байна.

Өнөөгийн байдлаар, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд буюу 912 мянган хүүхдэд олгож байгаа бөгөөд жилд 205.1 тэрбум төгрөг зарцуулж байгаа аж. Нийт хүүхдийн 85-90 хувь хүсэлт гаргана хэмээн холбогдох албаныхан тооцсон. Хэрвээ 85 хувьд олговол улсын төсвөөс 13 тэрбум, 90 хувьд олговол 36 орчим тэрбум төгрөг нэмж гарна хэмээн тооцсон байна.

Иргэд орон нутгийнхаа Хөдөлмөр халамжийн хэлтсийн нийгмийн ажилтанд хандаж, хүүхдийн мөнгө авах хүсэлтээ гаргах боломжтой. Энэхүү хүсэлтийг авсны дараа амьжиргааны түвшинг 670 оноогоор дүгнэж мөнгөн тэтгэмжид хамрагдах баталгаажуулалт хийх аж.