281 төрлийн бүтээгдэхүүн устгажээ

Цагаан сар дөхөж, бараа, бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор мэргэжлийн хяналтын байгууллагынхан өнгөрсөн сарын 20-ноос урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулж эхэлжээ. Энэ сарын 29 хүртэл үргэлжлэх уг шалгалтад улсын 360 байцаагч оролцож буй юм байна.

Тухайлбал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотод хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг 271 аж ахуйн нэгж, байгууллага, 479 иргэн, нийт 750 объектыг одоогоор шалгажээ. Үүний 312 нь худалдааны төв, зах, хүнсний дэлгүүр аж. Тэдгээрээс хадгалах хугацаа нь хэтэрсэн 57 нэрийн, түргэн мууддаг 281 (нийт өртөг нь 850 мянган төгрөг) төрлийн бүтээгдэхүүнийг шалгалтын явцад илрүүлж, устгажээ. Мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Барс” худалдааны төвийн барилга байгууламж эрүүл ахуйн шаардлага хангаагүй, тахиа, гахайны мах импортлогч “Хангэ”, “Отгонсаран”, ҮҮЭТ, “Эйшн органик фүүдс”, “Боса импекс” компанийн агуулах шаардлага хангаагүй зэрэг зөрчил илэрсэн байна. Үүнээс гадна шаардлага хангаагүй бууз, банш зэрэг бүтээгдэхүүн борлуулсан зөрчил цөөнгүй илэрчээ.

Тиймээс иргэд бараа, бүтээгдэхүүн худалдан авахдаа хаяг, шошго, хадгалах хугацааг нь сайн шалгах, ямар нэгэн зөрчилтэй бол мэргэжлийн хяналтын байгууллагад хандахыг дээрх газрынхан мэдээлэв.