АИ92 шатахууны үнэ хямдарч 1500 төгрөг боллоо

Томоохон шатахуун импортлогч компаниудын жижиглэн худалдааны үнэ литр тутамд 130-320 төгрөгөөр буурчээ.

Тухайлбал, Петровис компанийн Улаанбаатар хот дахь Тасганы овоо, Энхтайваны гүүр, Өргөө кинотеатрын замын эсрэг талын KFC зэрэг 3 салбар шатахууныхаа үнийг 130-320 төгрөгөөр бууруулсан байна. Тухайн салбаруудад АИ92 шатахуун литр тутамд 270 төгрөгөөр хямдарч 1500 төгрөг, ДТ 320 төгрөгөөр хямдарч 2150 төгрөг, А95 шатахуун 130 төгрөгөөр хямдарч 2050 төгрөг, А98 шатахуун 130 төгрөгөөр хямдарч 2200 төгрөг болжээ. Хямд шатахуун түрүүлж очсон салбаруудад үнэ буурч байгаа бөгөөд цаашид бүх салбарын үнэ ижил хэмжээгээр буурна гэж тус компаниас мэдээлэв.

Түүнчлэн Шунхлай компанийн зарим салбар АИ92 шатахууны үнийг литр тутамд 180 төгрөгөөр бууруулж 1500 төгрөг, Сод Монголын зарим салбар 280 төгрөгөөр бууруулж 1490 төгрөг болгожээ.