Ё.Баатарбилэг: Хичээл сургалтын үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-н хүртэл зогсоох шийдвэр гаргалаа

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар, сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг есдүгээр сарын 1 хүртэл зогсоох шийдвэр гаргасан тухай БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэв.

Танхимын хичээл, сургалт зогссон ч теле хичээл зургаадугаар сарын 1 хүртэл үргэлжлэх бөгөөд сурагчдын хоёрдугаар улирлын дүнгээр тооцож анги дэвшүүлэх юм байна. Ямар нэгэн хүүхэд улираах, дахин сургах асуудал гарахгүй, есдүгээр сарын 1-нд 2020-2021 оны шинэ хичээлийн жил эхэлнэ гэдгийг тэрбээр тэмдэглэв. Дээрх шийдвэр гарсантай холбогдуулан аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, цэцэрлэг, сургууль, дотуур байрны цахилгаан, дулааныг энэ сарын 15-наас хязгаарлаж төсөвт хэмнэлт гаргахыг чиглэл болгожээ. Уг хэмнэсэн төсвөөр, эдийн засагт шаардлагатай байгаа арга хэмжээнд зарцуулахаар Сангийн яамтай хамтран ажиллаж байгааг онцоллоо.

Харин төгсөх ангийн сурагчдын ЭЕШ-ыг долоодугаар сарын 2-нд явуулах тов хэвээрээ байгааг дуулгав. Их, дээд сургуулийн элсэлтийг долоодугаар сарын 8,9-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэв. Мөн энэ жил элсэгчдээс монгол хэл, бичгийн шалгалтыг авахгүй байх шийдвэр гаргажээ.

“ЭЕШ-д орох хүүхдээс монгол хэл, бичгийн шалгалтыг заавал авах Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтол байдаг. Энэ жил монгол хэл, бичгийн шалгалтгүйгээр бүх хүүхэд ЭЕШ-д орно. Үүнтэй холбоотой шийдвэр, тогтоол гарсны дараа тодорхой зохицуулалт хийнэ” хэмээн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээллийн үеэр тэмдэглэв. Мөн энэ жил есдүгээр анги төгсөж байгаа сурагдын дунд улаан шугам татахгүй, МСҮТ-д элсэх, эсвэл үргэлжлүүлэн ЕБС-даа суралцах эсэхээ сурагч өөрөө шийднэ гэлээ.

Энэ сарын 13-ны байдлаар, 28500 сурагч 12 дугаар анги төгсөх мэдээ байна. Үүнээс одоогоор 20 мянга гаруй сурагч ЭЕШ-даа бүртгүүлжээ. ЭЕШ-ын бүртгэл, зохион байгуулалтыг цахимаар шийдэж байгаа аж.

Цэцэрлэг болон хувийн сургуулийн хаврын бүртгэлийг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулахаар болжээ. БСШУСЯ-наас төлбөртэй хувийн сургууль, цэцэрлэг төлбөрөө хөнгөлөх асуудлыг эцэг эхчүүдтэй нь зөвшилцөж, байгуулсан гэрээнийхээ хүрээнд шийдэх нь зүйтэй гэж үзжээ.

Мэргэжлийн сургалтын төвүүд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу сургалтаа явуулах хүсэлт УОК-т ирүүлж буйг тэрбээр тэмдэглээд, тухайн сургалтын байгууллага нь ХНХЯ-наас зөвшөөрөл авч, тус яамны хяналтанд сургалтаа явуулахыг зөвлөлөө.

Өнөөдрийн байдлаар, ЮНЕСКО-гийн гишүүн 192 улс орон хичээл, сургуулийн сургалтыг зогсоож нэг тэрбум 700 сая хүүхэд хөл хорионд байгааг мэдээлэлдээ тэмдэглэв.