Олон нийтийн цагдаагаар ажиллах хэсгийн ахлагчид батлагдсан журмаар ажиллана

Улсын онцгой комисс хуралдаж дууслаа. Хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын хөл хориог ирэх есдүгээр сарын 1 хүртэл сунгах шийдвэр гарсан талаар БСШУС-ын Ё.Баатарбилэг танилцуулав. Маргааш өглөө Замын -Үүдын боомтоор Эрээнд байгаа Монгол Улсын 50 иргэнийг татаж авах шийдвэр гарсныг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдэгдлээ. Мөн энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн 173 хорооны 1700 гаруй хэсгийн ахлагчдыг олон нийтийн цагдаагаар ажилуулах журам батлагдсан талаар болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлсэн юм.

Өнөөдрийн байдлаар 180 гаруй олон нийтийн цагдаа ажилладаг бөгөөд олон нийтийн цагдаа нь Засгийн газар, УИХ-аас баталсан хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хотын соёлыг түгээж аюулгүй орчныг бүрдүүлэх зэрэг үндсэн үүрэг гүйцэтгэдэг аж.

Хороо хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагаар ажилласнаар нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг шуурхай мэдээллэх, олон нийтийн гудамж талбайд нус, шүлсээ хаясан, ил задгай бие зассан иргэдэд хатуу шаардлага тавих болон бусад хориглосон заалт журмыг зөрчсөн иргэдэд сануулга өгч хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэйгээр ажиллах юм байна. Өнөөдөр хуралдсан Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэсгийн ахлагчдыг олон нийтийн цагдаагаар ажилуулах журам нь батлагдсан байна.

Мөн тэрбээр COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд цаашид улирал бүр ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх болно хэмээлээ.

Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулж өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай А/487 дугаар захирамжийг хотын Захирагч гаргасан байна.

Уг захирамжийн дагуу нийслэлийн Онцгой байдал, Байгаль орчны газар, Цагдаагийн газрын 1340 албан хаагч төвийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хийж ажиллаж байгаа аж. Эдгээр албан хаагчид ирэх зургаадугаар сарын 10-н хүртэл хөдөлгөөнт эргүүл хийх юм байна.

Сэтгүүлчдийн зүгээс автомашины дугаарын хязгаарлалтыг тэгш сондгойгоор зорчуулах, хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг асуултыг асуулаа. Хотын Захирагч С.Амарсайхан “Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ирүүлсэн санал чиглэлийг үндэслэж автомашины дугаарын хязгаарлалтыг судлаж байна. Хотын удирдлагууд олон хүмүүсийг цуглуулахгүй байх шийдвэрийн хүрээнд нэг дор олноор нийтийн тээврээр зорчуулах, дугаарын хязгаарлалтыг тэгш сондгойгоор зорчуулах асуудлын эсрэг байгаа. Онцгой нөхцөл шаардлага гарсан тохиолдолд дугаарын хязгаарлалт хийх, орон нутгийн замыг хаах зэрэг шийдвэр гарч болно” хэмээсэн юм.