Эрүүл мэндийн ажилтнуудад залуучуудын санаачилгаар цуглуулсан 2000 амны хаалтыг хандивлалаа

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Эерэг тэмүүлэл” ТББ хамтран “Хот соёлтой болГоё” аяныг дэмжин Эртэч Монгол хөтөлбөрийг энэ сард “Эрүүл Монгол 10,000 маск” уриан дор зохион байгуулж байна. Энэхүү аяныхаа хүрээнд залуучуудад зориулсан цахим сургалтыг энэ сарын 06-15-ны өдөр 9 өөр багш, 9 өдөр, 9 сонирхолтой сэдвээр тус тус мэдээлэл хийж зохион байгууллаа.

Амны хаалт хандивласан залуучууд энэхүү сургалтад хамрагдсан бөгөөд эхний ээлжинд цугласан 5000 амны хаалтаас 1000 ширхгийг нь нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвийн эмч, ажилтнуудад хандивлалаа. Эхний ээлжийн цахим сургалтад 180 гаруй залуучууд нэгдэж өглөө бүр 5 цагт босож, шинэ мэдээ, мэдээллээр өглөөг эхлүүлж эерэг хандлага, эрүүл амьдрах дадал хэвшилд суралцсан юм. Цаашид энэхүү цахим сургалтын үйл ажиллагаа дахин үргэлжлэх юм байна.

Дараагийн удаад 1000 ширхэг амны хаалтыг бусад эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад хандивлана. Амны хаалт нэн шаардлагатай байгаа зорилтот бүлгийн айл өрхүүдэд үлдсэн 3000 амны хаалтыг тараахаар төлөвлөж байна.

Дараагийн сургалтад хэрхэн хамрагдах вэ?

Та энэхүү мэдээллийг олон нийтэд түгээж өөрийн зүгээс 50 маскийг хандивласнаар "Эртэч Монгол" хөтөлбөрийн сургалтад хамрагдах боломжтой.

Таны хандивласан амны хаалтыг бид нэн их хэрэгцээ шаардлагатай байгаа эмч, цагдаа, цэрэг, онцгой байдлын ажилтнуудад өгөхөөс гадна зорилтот бүлгийн хүүхэд багачууд, айл өрхөд хандивлах болно. Мөн Олон улсын боловсрол хөгжлийн төвөөс “Эрүүл Монгол 10,000 маск” аянд хамрагдсан залуучуудаас 5 шилдэг залууг шалгаруулж Филиппин улсад 50 хувийн хөнгөлөлттэй суралцах боломжийг олгоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 90099099, 99330335 утсаар авна уу гэж

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэв.