Шинэ бүтээлийн дээжийг Монгол Улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгт хандивлаж эхэллээ

“Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сан, Монгол Улсын ШУА хамтран "Эрдэм номын чуулган" шинэ ном хандивлах, танилцуулах ажиллагааг өнөөдрөөс эхлүүллээ.

Энэ хүрээнд ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч академич Г.Чулуунбаатар, академич Ш.Болд, ШУА-ийн Эрдэм шинжилгээ төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баяннасан, Техник технологийн салбарын бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Г.Пүрэвдорж, Анагаах ухааны саалбарын эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Энх-Амгалан нар нар салбар салбарын шинэ номоо танилцуулсан юм. Тэд номын сангийн хуулийн дагуу Монгол Улсын Үндэсний төв номын санд шинэ номын дээжээс нийтдээ 24 ширхэг номыг хандивлалаа.

ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд маргаашнаас хуваарийн дагуу энэ сарын 24-нийг хүртэл өдөр бүр шинэ номоо хандивлана. ШУА, харьяа хүрээлэнгүүд нийтдээ 170 нэр төрлийн 300 орчим номыг тус номын санд хандивлах юм.

ШУА-ийн Түүх Угсаатны Зүйн Хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Н.Хишигт маргааш тус хүрээлэнгийн үйл ажиллагаа болон хүрээлэнгээс хэвлүүлсэн шинэ номын дээжээс уншигчиддаа танилцуулах аж.