Цар тахал намжсаны дараа “Эхийн алдар” одонг гардуулна

Зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнахаар Ерөнхийлөгч зарлиг гаргадаг.

Өнөөдрийн байдлаар “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон хүртэх 745,  хоёрдугаар зэргийн одон хүртэх 10160 гаруй ээж Ерөнхийлөгчийн Тамгын газарт материалаа ирүүлжээ. Гэсэн ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын улмаас дотоодод Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул “Эхийн алдар” одонг засаг, захиргааны нэгжийн аль ч төвшинд биечлэн гардуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Харин “Одонгийн мөнгө” авахын тулд бичиг, баримт бүрдүүлэх шаардлагагүй аж. Учир нь, энэ онд “Эхийн одон”-г гардуулахгүй ч Ерөнхийлөгч Х.Баттулга ээжүүдэд одон олгох зарлиг гаргах аж. Ингэснээр “одонгийн мөнгө” олгох явц хэвийн үргэлжлэх юм.

Өөрөөр хэлбэл, одонгийн мөнгө авахыг хүссэн ээж “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгийн, эсхүл “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, мөнгөн тусламж авахыг хүссэн өргөдөл зэргийг бүрдүүлж дүүргийн халамж, үйлчилгээний байгууллага, эхсүл сумын нийгмийн ажилтанд өгдөг байсан бол энэ жил дээрх бичиг, баримтыг бүрдүүлэх шаардлагагүйгээр “одонгийн мөнгөө” авах боломжтой болж байна.