Д.Золжаргал: намаас гишүүд орж гардаг, ирэх нь эргээд ирдэг

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Золжаргалтай ярилцлаа.

-Та нутгаасаа гарч, нийслэлд ирээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд ямар ажил алба хашив?
-Ажлын гараа маань Найрамдал зуслангийн удирдагч багшаар эхэлсэн. Миний бүхий л ажлын туршлага хүүхдийн байгууллага, нийгмийн халамж үйлчилгээний байгууллагад мэргэжилтнээс эхлэн хэлтсийн дарга, газрын дарга, яамны газрын дарга хүртэл 20 гаруй жил ажиллалаа. Удирдаж, удирдуулж явсан энэ 20 жилд олон ажлын ард гарсан. Одоо УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаа удирдан ажиллаж байна. Мөн сая Архангай аймгийн Ардчилсан намын даргын албыг авлаа. Нутаг орондоо ажиллах их ажлын гараа минь эхэллээ.
-Архангай аймгийн Ардчилсан намын даргын албыг хариуцлагатай цаг үед хүлээн авлаа. Та юунд илүү төвлөрч, зорьж ажиллах вэ?
-Хамгийн түрүүнд УИХ-ын болон орон нутгийн сонгуульд намаа ялуулахын тулд зорьж ажиллах болно. Улс төрийн нам бол сонгуульд ялж амжилт гаргахын тулд ажиллаж, цаашлаад гишүүдээ чадавхжуулах нь чухал. Одоо УИХ-ын сонгуулийн хугацаа хаяанд ирээд байна. Тэгэхээр нэн тэргүүнд их хурлын сонгуульдаа ялалт байгуулахын төлөө Архангай аймгийнхаа 19 сумын нийт гишүүд дэмжигчидтэйгээ хамтран ажиллах нь нэн тэргүүний зорилт. Үүний дараа орон нутгийн сонгуульд нэр дэвших гишүүдээ тодруулж ажиллах, аймаг болон сумууддаа Ардчилсан намаа ялуулахын төлөө ажиллах болно. Ардчилсан нам бол хүний эрхийг дээдэлсэн, хуулийн засаглалыг дэмжсэн баруун төвийн үзэл баримтлалтай нам.
-Архангай аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл нь аялал жуулчлал, мал аж ахуй салбар юм гэж тодорхойлсон байдаг. Бодлого гаргах нь нэг хэрэг, нөгөө талаас ажил хэрэг болгох нь чухал. Та ажил хэрэг болгохын тулд хэрхэн анхаарч ажиллах вэ?
-Ер нь бол аймгийн үе үеийн засаг дарга удирдлагууд Архангайн хөгжлийг мал аж ахуй, аялал жуулчлалын салбар гэж тодорхойлон цаасан дээр буулгадаг боловч, яг хачир дээрээ хийсэн юм байдаггүй.

Архангай аймаг бол байгалийн маш сайхан үзэсгэлэнтэй байгальтай нутаг шүү дээ. Аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой аймаг. Гэтэл санасан хэмжээнд сайхан хөгжихгүй байна. Аймгийн удирдлагууд Архангай аймгийн тэргүүлэх чиглэл аялал, жуулчлал гээд л янз бүрийн хөтөлбөр дэвшүүлээд л уриа, лоозон яриад л байдаг. Яг амьдрал дээр бол энэ хэрэгждэггүй. Би Архангай аймгийг аялал, жуулчлалын хоёр хэлбэрээр хөгжүүлэх боломжтой гэж хардаг.
Нэгдүгээрт, түүх, шашны аялал, жуулчлалыг Архангай аймагт өргөн хөгжүүлэх хэрэгтэй. Жишээлбэл Архангай аймгийн Заяийн хүрээнд Зая гэгээний нэг болон дөрөвдүгээр дүрийн занданшуулсан шарил байж байна. Дээр нь Архангай аймгийн Цахир суманд бас хоёр гэгээний тийм занданшуулсан шарил бий. Зохион байгуулалт хийгээд шашны болон түүхийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн бололцоотой. Дээр нь Архангай аймаг эртний хаад, өвгөдийн өлгий нутаг. Энэ мэт байгалийн үзэсгэлэнт газар нутгаа хөгжүүлж ажиллахгүй бол, зүгээр амаараа яриад байгалийн сайхан гайхамшгаа хөгжүүлэх боломжгүй. Үүнийг ажил хэрэг болгох хэрэгтэй байгаа юм.
-Малчдын хөгжлийг дэмжсэн бодлого хөтөлбөрүүд ер нь яагаад хэрэгжихгүй байна. Маш олон цаасан материалууд, хууль, эрх зүйн орчин байна гэж хардаг. Тэгэхээр танд бол энэ орон нутгийг хөгжүүлэх ямар гарц, гаргалгаа байна. Юун дээр нь бид алдаад байгаа юм.
-Өнөөдөр ардчиллын буянаар манай Монгол Улсын мал 70-80 сая хүрчихлээ. 1996-2000 оны Засгийн газрын хийсэн томоохон ажлуудын нэг бол малыг малчдад хувьчилсан. Тухайн үеийн Сангийн аж ахуй нэгдлийн удирдлагууд байсан хүмүүс үүнийг маш их эсэргүүцсэн. Малчид чинь хотоо харлуулаад нүүгээд явцгаана шүү дээ гэдэг талаас нь их эсэргүүцсэн. Гэтэл малыг малчдад хувьчилсан нь үнэхээр нүдээ олсон том алхам байсан. Ардчилсан хувьсгал, холбоо эвслийн Засгийн газрын үеийн хийсэн хамгийн том ажлын нэг бол үнэхээр энэ мөн. Мал сүрэг өссөн үү гэвэл өссөн. Харин одоо мал өсгөхөөс гадна малчид маань өөрсдийгөө үйлдвэр эрхлэгч нар бизнесмен гэдгийг малчид одоо хүртэл олж харахгүй яваад байгаа юм. Монгол Улсад 169 мянган малчин өрх амьдарч байна. Өөрөөр хэлбэл тэд өөрсдийгөө малчид гэж нэрлэдэг. Харин би өөрөөр хардаг. Тэд үйлдвэрлэгч нар, бизнесүүд байх ёстой. Малчдыг бизнесмен болгож хөгжүүлэх нэн зайлшгүй шаардлагатай. Ерөөсөө л малын тооны хойноос хөөцөлдөөд байгаа болохоос биш малын ашиг шим, тэр арьс шир, ноос ноолуураа үйлдвэрлэл бүтээгдэхүүн болгох тал руугаа нэлээн дутмаг байгаа. Жишээлбэл одоо Шинэ Зеланд улс 30 сая хоньтой. 4.5 сая хүн амтай. Монгол Улс бас мөн адил 30 сая хоньтой. 3.2 сая хүн амтай. Тэгэхэд өнөөдөр дэлхий дээр хонины махны экспортоороо Шинэ Зеланд улс нэг номерт явж байгаа юм. Шинэ Зеландын хонины мах Авсрталын үхрийн мах гэж дэлхий дээр тэргүүлдэг. Өнөөдөр Монгол Улс Шинэ Зеланд шиг хоньтой Авсрали шиг үхэртэй мөртлөө яагаад дэлхийн зах зээл дээр махны экспорт нь эхний 10-т ч орохгүй байна. Сүүлийн хэдэн жил манай Архангай аймаг мал сүргийнхээ тоогоор улсад тэргүүлж байгаа. Үүнийгээ дагасан бизнес харин байхгүй.
-Та улсынхаа хөдөлмөр, халамжийн салбарыг удирдаж байсан, мөн шийдвэр гаргах түвшинд ажиллаж байсан хүний хувьд Архангай аймгийнхаа иргэдийн хөдөлмөр, халамжийг асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой гэж харж байна вэ?
-Ер нь Монгол Улсын маань иргэн бүр халамж хүртдэг биш, хөдөлмөр эрхэлдэг болгож хөгжүүлэх ёстой. Орон нутагтаа хөдөлмөрлөж ажиллаж амьдарч байгаа иргэд ч ялгаагүй. Өнөөдөр Ардчилсан нам өсөлтийг өрхөд оруулахын төлөө зорьж ажиллаж байна. Энэ цаг үед Монголын эдийн засаг өсөөд байгаа боловч өрх гэр лүү энэ өсөлт мэдрэгддэггүй. Цалин өсдөггүй, орлого нь нэмэгддэггүй. Улстөрчид, эрх баригч, удирдлагууд эдийн засаг өсч байна, сайхан цаг үе ирээд байна гээд байдаг боловч энэ нь иргэндээ наалддаггүй. Хөдөлмөр эрхлээд, хөдөлмөрийнхөө хөлсийг гүйцэд авч чаддаг, хангалттай цалин хөлстэй болж байж өрх гэр хөгжинө. Эхний ээлжинд эмч багш нарын цалинг 3,000,000 төгрөгт хүргэх ёстой. Ингээд цаашлаад хугацааны явцад салбар салбараар нь бүх ажилчин албан хаагчдын цалинг нэмэгдүүлж, 3,000,000 төгрөг болтол нэмэгдүүлэх ёстой. Үүний төлөө л зорьж ажиллана.
-Ардчилсан намын хувьд зарим гишүүд дэмжигчид намаасаа гарах, дотроо талцал хуваагдал их гаргаж байна. Энэ талаар тодруулбал?
-Ардчилсан намыг таван намын нэгдэл гэж ярьдаг боловч том жижиг нам нийлсэн арван намын нэгдэл юм. Тэгэхээр энэ дотор янз бүрийн үзэл бодол нэгдэж байгаа гэсэн үг. 2016 онд Ардчилсан нам ялагдал хүлээснийхээ дараа шинэчлэлээ хийгээд, улсын хэмжээнд анх удаагаа үзэл баримтлалаа таниулан сурталчилж, дээд шүүхэд батлуулан, өөрийн гэсэн үзэл баримтлалтай болсон. Яагаад манай намын лидерүүд хоорондоо таарахгүй байна гэхээр энэ хүмүүс чинь Ардчилсан намыг байгуулсан хүмүүс. Өөрөөр хэлбэл дээрээ үе байхгүй, үүсгэн байгуулагчид гэсэн үг. Харин одоогийн залуучууд маань дээрээ үетэй болоод ирэхээр нэг чиг хандлагатай болоод ирж байгаа юм. Ер нь үеийн үед намаас гишүүд орж гарч л байдаг. Ирэх нь эргээд л ирдэг. Модноос шарлаж унасан навч ургадаггүй гэдэг шиг Ардчилсан намаасаа гараад шинээр улс төрийн нам байгуулсан хүмүүсээс хөгжиж дэвшээд парламентад суудал авч ажиллаж байгаа нэг ч нам эвсэл байхгүй. Олон ч нам нэгдсэн, олон нам шинээр байгуулагдсан түүх бий.

                                                         ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН