Д.Цогтбаатар Ковид-19-тэй тэмцэх өндөр түвшний видео хуралд оролцов

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Засгийн газраас санаачлан 6 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсан “Бүс ба Замын олон улсын хамтын ажиллагаа: Ковид-19-тэй эв санааны нэгдэлтэйгээр тэмцэх нь” сэдэвт өндөр түвшний видео хуралд оролцож, үг хэлэв.

Тус хуралд  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ерөнхий зохицуулагч нар болон 26 улсын Шадар сайд, Гадаад харилцааны сайд, дэд сайдын түвшний төлөөлөгчид оролцлоо.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ дэлхий нийт урьд өмнө тулгарч байгаагүй хүнд сорилттой нүүр тулж байгаа хэдий ч улс орнууд найрамдал, эв санааны нэгдэлтэйгээр хариу арга хэмжээ авч, бие биендээ харилцан дэмжлэг үзүүлж буй тул цар тахлын эсрэг хийж буй тэмцэлд ялна гэдэгт бүрэн итгэлтэй буйгаа илэрхийлэв. Тэрээр цар тахлын халдварыг зогсоож, ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах нь эдүгээ улс орнуудын эн тэргүүний зорилт болж буйг дурдаж, цар тахлын үед хамтран ажиллах эмнэлгийн түргэн байрших нэгжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдлага дор бүс нутгуудад байгуулах санаачилгыг Монгол Улс дэвшүүлэн ажиллаж буйг тэмдэглэв.

Мөн тэрээр цар тахлын нөхцөл байдалд улс орнууд гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг явуулахад эрүүл мэндийн итгэлцлийг бэхжүүлэх шаардлага бий болж буйг онцолж, худалдаа, эдийн засгийн харилцааг аль болох хэвийн явуулахын тулд хорио цээрийн шинэ тогтолцоо бий болгох, “хөдөлгөөнт карантин” зэрэг шинэ ойлголтыг нэвтрүүлэх хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Д.Цогтбаатар сайд түүнчлэн Монгол, Хятадын хооронд эрүүл мэндийн итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлсний үр дүнд хоёр улсын худалдаа аажмаар нэмэгдэж буй бөгөөд худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх хамтын зорилтод хүрэх боломж урьдын адил байгааг тэмдэглэв.

“Бүс ба Замын олон улсын хамтын ажиллагаа: Ковид-19-тэй эв санааны нэгдэлтэйгээр тэмцэх нь” сэдэвт өндөр түвшний видео хурлын дүнгээр “Хамтарсан мэдэгдэл” гаргав. Хуралд оролцогч орнууд “Эрүүл мэндийн Торгоны зам” байгуулах, дэд бүтцээр холбогдох хамтын ажиллагааг идэвхжүүлэх, эдийн засгийн сэргэлтийг дэмжих, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг чиглэлээр цаашид хамтын ажиллагааны уялдаа, зохицуулалтыг сайжруулахаа “Хамтарсан мэдэгдэл”-д илэрхийлэв. “Хамтарсан мэдэгдэл”-д манай талаас дэвшүүлсэн цар тахлын үед хамтран ажиллах эмнэлгийн түргэн байрших нэгж байгуулах саналыг дэмжиж буйг тусгав.