Налайх дүүргийн I дүгээр хорооны нутаг дэвсгэрт инженерийн дэд бүтцийн төсөл хэрэгжиж эхэллээ

Нийслэл Улаанбаатар хотод нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлын нэг бол агаар, хөрсний бохирдол үүсгэж байгаа гэр хорооллыг дахин төлөвлөх, инженерийн хангамжаар хангах асуудал.

Гэр хорооллын иргэдийн хүсэлт, санаачилгад суурилан иргэний өмчлөлийн газар, амины орон сууцанд нь инженерийн болон нийгмийн дэд бүтцийг хүргэх замаар гэр хорооллын нутаг дэвсгэрийг орчин цагийн хотын соёл, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, уламжлалт өнгө төрхийг хадгалсан, эрүүл аюулгүй, тохилог орчин болгон хөгжүүлэх зорилгоор 200-300 нэгж талбарт инженерийн дэд бүтцээр хангах төслийг хэрэгжүүлэх юм.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 118 дугаар тогтоолоор дэд бүтцийн төсөл хэрэгжих 16 байршил батлагдаж, эхний байршил болох Чингэлтэй дүүргийн VII дугаар хорооны нутаг дэвсгэрт 220 нэгж талбар, 14 га газрыг хамран, цахилгаан, дулаан, халуун хүйтэн усны хангамж болон бохир усны цэвэрлэх байгууламж бүхий явган хүний болон засмал зам, камержуулалт, гэрэлтүүлэг, ногоон байгууламж бүхий Дэд бүтцийн төвийн төсөл амжилттай хэрэгжсэн билээ.

Энэ удаа нийслэлийн Налайх дүүргийн I дүгээр хорооны нутаг дэвсгэрт 20.0 га газрыг хамруулан инженерийн дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхээр нээлтээ хийлээ. Тус төсөл хэрэгжсэнээр Налайх дүүргийн I дүгээр хорооны Баянзүрх хэсгийн 201 айл өрх халуун хүйтэн ус, цахилгаан дулаанд холбогдохоос гадна бохир усны шугамд холбогдоно. Мөн төслийн хүрээнд ариутгах татуургын төв шугамын өргөтгөлийг ажил хийгдэх ажээ. Ингэснээр дүүргийн хэмжээнд тулгамдаад байгаа инженерийн дэд бүтэцтэй холбоотой асуудлууд шийдвэрлэгдэх боломжтой боллоо.