Франкфуртээс ирсэн нэг иргэнээс коронавирус илэрлээ

Франкфурт-Улаанбаатарын тусгай нислэгээр өчигдөр ирсэн 266 хүнээс шинжилгээ авахад нэг хүний сорьцод коронавирус илэрсэн талаар ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэв. Ингэснээр манай улсад коронавирусээр өвчилсөн нь батлагдсан тохиолдол 289 боллоо.

ХӨСҮТ болон ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид өчигдөр нийт 686 хүний сорьцод шинжилгээ хийснээс 685-д нь коронавирус илрээгүй байна. Коронавирус илэрээгүй 685 хүний давтан шинжилгээнд онцгой анхаарна хэмээн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллийн үеэр тодотгов.

Шинжилгээг задлавал, Дорноговь аймагт тусгаарласан 116 иргэн болон Сөүл-Улаанбаатарын онгоцоор энэ сарын 8-нд ирсэн 256 хүний гурав дахь давтан шинжилгээнээс коронавирус илэрээгүй. ХӨСҮТ-д тусгаарласан ес, ажиглах байранд байгаа 17, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 14 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарласан нэг хүний давтан шинжилгээнд вирус илэрээгүй аж.

Харин ХӨСҮТ-ээс дөрвөн хүн эдгэрч өнөөдөр дараагийн шатны хяналтад шилжсэн байна. Үүнд нэг 33 настай монгол эрэгтэй, 66 настай эрэгтэй Беларусь улсын иргэн, ОХУ-ын хоёр иргэн байна.