Отроор хоёр сая мал зусаж байна

Энэ сарын 20-ны байдлаар зуншлага нийт нутгийн 50 орчим хувьд сайн байна. 30 гаруй хувьд дунд, 20 орчим хувьд муу байгаад Говь-Алтай аймгийн 7, Баянхонгор аймгийн 11, Өвөрхангай аймгийн 4, Төв аймгийн 2, Дундговь аймгийн 9, Өмнөговь аймгийн 6, Дорноговь аймгийн 2, нийт 41 сумын нутаг хамрагдаж байна.

Зуншлага тааруу байгаатай холбоотойгоор отор нүүдэл ихсэж Улаанбаатар хотын орчмоор, мөн Хэнтий, Сүхбаатар, Булган, Төв, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул аймгийн нутагт Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай аймгийн 2 сая орчим толгой мал отроор зусаж байна.

ХХААХҮЯ-ны захиалгын дагуу эрдэм шинжилгээний байгууллагын хийсэн судалгаагаар манай орны бэлчээрийн даац 80 орчим сая хонин толгой малыг тэжээлээр хангах бэлчээрийн багтаамжтай гарчээ. Үүнтэй холбоотойгоор энэ оны 8-12 дугаар сард малчид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид 25 саяас доошгүй толгой малыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, өвөлжиж, хаваржих малд шаардлагатай өвс, тэжээлийн нөөцийг малчдын болон аймаг, сумын түвшинд хангалттай бэлтгэж нөөцлөх ажлыг шуурхайлах шаардлагатай байгаа аж.