"Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор" зэрэг гурван газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар болов

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар гурван газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг хэлэлцэн дэмжлээ.

Тодруулбал ус хангамжийн Баруун шинэ эх үүсвэр, ус цэвэршүүлэх байгууламж барих газар, Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор төслийн газар, Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төсвийн шинжилгээний ажиглалтын талбайн газар зэрэг гурван газрыг тусгай хэрэгцээнд авахаар тогтов. Ус хангамжийн Баруун шинэ эх үүсвэр, ус цэвэршүүлэх байгууламж барих төслийг АНУ-ын Мянганы Сорилтын сангийн 350,0 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлнэ. “Улаанбаатар хотын ус хангамжийг цогцоор сайжруулах төсөл” 2019-2024 он хүртэл таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх төсөл юм.

Туул-Сонгино Усны нөөцийн цогцолбор төслийн тухайд уг төслийг УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолоор “Монгол улсын хөгжлийн бодлогын дунд хугацаанд хэрэгжүүлэх “Дэд бүтцийн томоохон төсөл” нэртэйгээр хэрэгжүүлж байгаа УИХ-аас батлагдсан Засгийн газрын төсөл юм. Төслийг Улаанбаатар хотын төвөөс 25 км зайд , Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.