Говийн бүсийн аймгуудад өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан УОК-ын баг Дундговь аймгийн ажилтай танилцлаа.

Энэ үеэр говийн бүсийн аймгуудын удирдлагуудтай өвөлжилтийн бэлтгэл хангах уулзалт хийж, үүрэг даалгавар өгчээ.

Монгол орны бэлчээрийн усан хангамжид хийсэн судалгааны тайлангаас үзэхэд усаар хангагдаагүй 58 сая га /52 хувь/ бэлчээр байна. Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн хувьд бэлчээрийн 30-50 хувь нь усаар хангагдсан ерөнхий дүгнэлт гарчээ. ХХААХҮЯ-наас хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж, хэрэгжилтийг хангуулах, биелэлтэд хяналт тавих зэрэг арга хэмжээг авч хамтран ажиллахыг Засаг дарга нарт зөвлөмж болгожээ.

Өнгөрсөн өвөл нийт нутгийн 70 орчим хувьд олон жилийн дунджаас ахиу, 30 гаруй хувьд нь олон жилийн дундаж орчим цас оржээ. Хгаарын температур олон жилийн дунджаас дулаан байсан боловч цас их орсон 8 аймгийн 36 суманд цагаан зуд, 16 аймгийн 58 суманд цагаанаар зудархуу нөхцөлтэй өвөлжсөн сургамжид энэ жил дүгнэлт хийж өвөл, хаврыг өнтэй давах ажлыг бүх түвшинд хамтран зохион байгуулж, зохицуулалт хийж ажиллах шаардлагатай байгаа аж.

Аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн тооцоо хийхэд 60.2 мянган тн өвс, 15.9 мянган тн тэжээл бэлтгэх хэрэгцээтэй байна. Говийн бүсийн аймгуудад өвөлжилт хүндрэх төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж, өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангахыг Шадар сайд үүрэг болгожээ.