Тусгай нислэгээр ирэх иргэдийг тусгаарлах газрын хуваарь гарав

УОК-ын шийдвэрээр энэ сард 17 удаа тусгай нислэг үйлдэн гадаадын улс, орнуудаас иргэдээ татан авахаар болсон. Үүний дагуу өнөө өглөө Япон улсыг зорьсон тусгай онгоцыг оруулан тооцвол нийт 13 удаагийн нислэг үйлдээд байна.

Түүнчлэн энэ сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар, 27-нд Сидней-Улаанбаатар, 30-нд Нур-Султан-Улаанбаатар, 31-нд Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгүүд үйлдэнэ.

Эдгээр тусгай нислэгээр ирж буй иргэдийг дараах зочид буудал, амралтын газруудад тусгаарлах хуваарь гарсныг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Тухайлбал, энэ сарын 27-ны өдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирэх иргэдийг “Мичид”, “Намуун”, “Тайж”, “Монголика” зочид буудалд, 27-ны Сидней-Улаанбаатарын нислэгийн зорчигчдыг “Зүчи”, “Дрийм” зочид буудлууд болон “Сэлбэ” амралтын газар, 30-ны Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэгсэд “Альфа”, “Хабу”, “Ивээлэн” зочид буудлууд, “Багабаян” амралтын газар, 31-ний Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирэх иргэдийг “Кентавр”, “Корпорейт” зочид буудал, “Энхсаран” амралтын газар тусгаарлана.

Мөн суларсан байруудад л дарааллын дагуу дараагийн тусгай нислэгийн зорчигчдыг хүлээн авдаг учир “өөр газар байрлана” гэх боломжгүйг УОК-ын Шуурхай штабаас анхаарууллаа.