Аравдугаар сард нийслэлд 46 цахилгаан автобус үйлчилж эхэлнэ

Энэ оны 10 дугаар сард нийслэлд 36 ширхэг дан буюу нэг давхар цахилгаан автобус, хоёр давхар 10 цахилгаан автобус нийлүүлж нийтийн тээврийн паркийг шинэчлэхээр болов. Мөн цэнэглэгч төхөөрөмж 8-ыг авахаар төлөвлөжээ.

Нийслэлд цахилгаан автобуснууд олноор явж эхэлснээр нийслэлийн нийтийн тээврийн зарим чиглэл өөрчлөгдөх аж. Тодруулбал, цахилгаан автобуснууд зарим чиглэлд нэмж үйлчлэх, мөн шинээр чиглэл гарах бөгөөд цахилгаан автобуснуудын эцсийн зогсоол дээр цэнэглэгч төхөөрөмжийг суурилуулна.

Цахилгаан цэнэглэгч нь цагийн дотор нэг автобусыг 100 хувь нөхөн цэнэглэх хүчин чадалтай аж. Ингэснээр цахилгаан автобуснууд цагийн дотор бүрэн цэнэглэгдэн үйлчилгээнд чирэгдэлгүй, сааталгүй, тасралтгүй явж үйлчлэх боломжтоор хангагдах нь.

Өнөөдрийн байдлаар цахилгаан автобусны үйлчилгээг "Зорчигч тээвэр-3" ОНӨҮГ хариуцан ажиллаж байна. Тус газрын мэдээллээр цахилгаан цэнэглэгч төхөөрөмжийг автобусны эцсийн буудлуудад тус бүр нэгийг, автобус бааз дээр 2-3-ыг байрлуулах аж.

Ирэх 10 дугаар сард бүрэн нийлүүлэх, нийт 46 цахилгаан автобусны санхүүжилт 26.2 тэрбум төгрөгийн 20 хувийг нийслэлийн төсвөөс, үлдэгдэл 80 хувийг зээлийн эх үүсвэрээс олгохоор НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэв. Тодруулбал, цахилгаан автобуснуудын 21 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авахаар боллоо.