Сөүл-Улаанбаатарын нислэгээр өнөөдөр гадаадын 100 иргэн ирнэ

УОК-ын шийдвэрээр өнөөдөр, 8 дугаар сарын 28-нд манай улсаас БНСУ-ын Сөүл хот руу захиалгат нислэг үйлдэж байна. Уг нислэгээр манай улсад зөвхөн гадаад улсуудын иргэд ирэх юм. Тодруулбал, 16 улсын 100 иргэн ирнэ.

Учир нь манай улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай компани, ААН, байгууллага болон олон улсын болон Монголд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр дээр ажиллаж буй гадаадын иргэдийг авчруулах хүсэлтийг гадаад, дотоодын байгууллагууд УОК-т тавих болсон юм. Энд мөн Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн болон Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудын ажилтнууд, тэдгээрийн гэр бүл болон манай улсад үйл ажиллагаа явуулж буй их дээд, дунд сургуульд багшилж, ажилладаг гадаад иргэд багтаж буй юм.

Дээрх нислэгээр ирэх гадаадын иргэдийг олон улсын сүлжээний өндөр зэрэглэлийн “Рамада” зочид буудалд хоногийн 265-280 мянган төгрөгөөр 21 хоног тусгаарлах талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

УОК-ын шийдвэрээр энэ сард нийт 17 удаагийн тусгай үүргийн нислэгээр 4300 орчим Монгол иргэнийг эх орондоо авчирсан. Үүнтэй холбогдуулан Монгол иргэдийг тусгаарлах байрны нөөц хүрэлцэхгүй байгаа тул энэ удаагийн нислэгээр Монгол иргэдийг авчрах боломжгүй байгаа талаар мөн мэдээллээ.