Цементийн дотоодын зах зээлийн өрсөлдөөнийг зохицуулах талаар хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажилласан талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. Үүнтэй холбогдуулан:

  • Дотооддоо үйлдвэрлэж байгаа цементийн зах зээлийн өрсөлдөөнийг зохицуулах, цемент экспортлоход дэмжлэг үзүүлэх
  • “Богдхан төмөр зам” төслийн зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг Азийн хөгжлийн банктай хамтран явуулах
  • Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийг эрчимжүүлэх, гэрээ нь цуцлагдсан хэсэгт дахин сонгон шалгаруулалт явуулах хүртэл хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх
  • Ургац тээврийн замын засвар, арчлалтыг богино хугацаанд дуусгах
  • “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн орон нутгийн ачаа тээврийн алдагдалтай бүлгүүдийн тарифыг шинэчлэх
  • Тариалангийн бүс нутагт зөвхөн эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг байх
  • “Дархан арьс ширний цогцолбор” төслийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт болон бусад асуудлыг шийдвэрлүүлэх
  • Дархан-Өргөө политехник коллеж, уул уурхай, эрчим хүчний политехник коллежийг нэгтгэн хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв болгох
  • Ургац хураалтад ажиллаж байгаа оюутан, цэргийн албан хаагчдыг 2020 оны 10 дугаар сарын 15-ныг хүртэл сунгаж ажиллуулах, шаардлагатай асуудлуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд, агентлаг, Аймгийн Засаг дарга нарт даалгав.

Товч мэдээ

- Аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт үзүүлж байгаа 50 хувийн хөнгөлөлтийг 100 хувь болгов.

- Азийн автозамын АН-4 чиглэлийн Өлгий хотыг тойрон гарах нийт 18.82 км автозам, 201 метр төмөр бетон гүүрийн барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг хавсралтаар батлав.