Дэлхийн аварга өсвөрийн сагсанбөмбөгчид шагналаа хүртлээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо/ФИБА/-ноос зохион байгуулсан анхдугаар ур чадварын ДАШТ-д түрүүлсэн Монгол улсын 17 насны хөвгүүд Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяраас шагналаа авлаа.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр баг тамирчдад баяр хүргэж, сагсан бөмбөгийн спорт Монголд хурдацтай хөгжиж байгаад талархал дэвшүүлж улам их амжилт хүссэн юм.

ФИБА-гаас дэлхий нийтийг хамарсан “COVID-19” халдвар дэгдсэнтэй холбоотой 17 насны сагсанбөмбөгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг цуцалсан. Харин тус тэмцээнийг нөхөж цахимаар ур чадварын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан юм.

Энэхүү ур чадварын ДАШТ-д Монголын баг Ази тивийн бүсэд өрсөлдөн эрхээ авч Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн билээ. Монголын хөвгүүдийн баг өөрсдийн амжилтаа тус тэмцээнд гурван удаа шинэчлэн тогтоож Дэлхийн анхдугаар ур чадварын тэмцээний аваргаар тодорсон юм.