Б.Мөнхбаатар: Арилжааны банкууд өнөөдрөөс ипотекийн зээлийг 6 хувийн хүүтэй олгож байгаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.

Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.9 хувь, зарлагыг 13.9 их наяд төгрөг буюу 30 байхаар тооцжээ. Тодруулбал, төсвийн алдагдлыг 2.2 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувьтай тэнцэхээр төсөлд тусгасан байна. Засгийн газар 2021 онд цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нөлөөллөөр үүссэн төсвийн алдагдлыг бууруулж, төсвийн тогтвортой байдлыг ханган, мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөснийг Ерөнхий сайд төвийн төслийг танилцуулахдаа онцлов.

Тэрбээр, “Цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засгийн өсөлт 9.7 хувиар, экспорт 28 хувиар, импорт 15 хувиар багассан байна. Үүний улмаас төсвийн орлого ихээхэн тасарч, алдагдал ДНБ-ий 9.9 хувьд хүрсэн. Энэ нь дэлхийн дундажтай ойролцоо байна. Хэрэв цар тахлыг дотооддоо алдсан бол эдийн засаг, төсвийн хувьд дааж давшгүй хүндрэлд орох байсан. Олон улсын байгууллагууд Монгол Улсын эдийн засгийг 2021 онд хурдтай сэргэнэ гэж үзэж байгаа. Тухайлбал, Дэлхийн банк 5.6 хувь, Олон улсын валютын сан 8 хувиар өснө гэж тооцсон бол Монгол Улсын Засгийн газар 2021-2023 онд 6 хувь байна хэмээн тооцож байгаа юм. Засгийн газар арилжааны банкуудаас өндөр хүүтэй, богино хугацаатай зээл аваагүй, өр үүсгэх бонд гаргаагүй гэдгийг онцлох нь зүйтэй” гэлээ.

Засгийн газар ирэх жил татвар нэмэхгүйгээр бизнесийг дэмжих, технологийн дэвшил ашиглах, байгалийн баялгаас татварыг бүрэн хурааж, төсвийн орлогыг нэмэхээр төлөвлөсөн байна. Мөн татварын үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай болгохоос гадна татвараас зайлсхийх боломжгүй болгож, хууль бусаар замбараагүй олгосон газрын лицензүүдийг цэгцлэх зэрэг бодлого баримтлах юм. Түүнчлэн цар тахлын үед хэрэгжүүлж буй иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих ажлыг ирэх оны эхний хагас жилд үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, хүүхдийн 20 мянган төгрөгийг 100 мянган төгрөг болгон олгох, нийгмийн халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмсэн шийдвэрийг ирэх жилийн эхний хагас жилд хэрэгжүүлэх аж. Түүнчлэн сум, дүүргийн ИТХ-д малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоох эрх олгохоор төлөвлөсөн байна.

Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Монгол Улсын малын тоо 2019 оны эцэст 70.9 саяд хүрсэн. Малаа өсгөх нь хүн амын хүнсээр хангах, малчдын орлого өсөх сайн талтай ч бэлчээрийн хүрэлцээ, усны хомсдол зэрэг олон асуудлыг бий болгож байна. Тиймээс бэлчээр ашиглалтыг сайжруулж, цөлжилтийг бууруулах, худаг усны хангамжийг сайжруулах зэрэг тулгамдсан асуудлаа шийдвэрлэх боломжийг орон нутагт олгохоор шийдвэрлэсэн юм. Ингэснээр малын тоо толгойн албан татварыг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, малчдын саналд үндэслэн тулгамдсан асуудлаа шийдвэрлэх зарцуулах юм” гэлээ.

2016-2019 онд 100 сургууль, 147 цэцэрлэг, 52 эмнэлгийн барилга болон 1773 км автозам, 1481 метр гүүр, 500 км инженерийн дэд бүтцийг ашиглалтад оруулжээ. Харин ирэх жил 62 сургууль, 53 цэцэрлэг, 29 эмнэлэг, аймгийн төвийн 3 театр барихаар төлөвлөсөн байна. Мөн гүүрийн 10, цахилгаан дамжуулах агаарын шугамын 11, дулааны сүлжээний 3, инженерийн шугам сүлжээний 26 төсөл хэрэгжүүлэх юм. Түүнчлэн Эзэн Чингис хааны музей, Үндэсний төв номын санг 2021 онд ашиглалтад оруулах бол Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музейн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, 2022 онд дуусгахаар төлөвлөсөн байна.

Төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулах бодлого хэрэгжиж эхэлсэн эсэхийг тодрууллаа.

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, “Өнөөдрөөс арилжааны банкууд ипотекийн зээлийг 6 хувийн хүүтэй олгож эхэлж байгаа” хэмээв. Төсвийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Ташрамд дурдахад, ноднин баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын төсвийн төслийн орлого, зарлагын хэмжээг УИХ өөрчлөхгүй байхаар заасан. Харин төсвийн төсөл дотор зарлагын зориулалтыг өөрчлөх боломжтой. Тиймээс Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийн орлого, зарлагыг боловсруулсан хэмжээнд нь батлах юм.

Эх сурвалж: montsame.mn