Булган, Сэлэнгэд ассан түймрийг унтраахаар ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээгээр Булган, Сэлэнгэ хоёр аймагт түймэртэй байна.

Булган аймгийн Тэшиг сум, Эг-Тарвагатайн бэлчир гэдэг газар гарсан түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 63 алба хаагч, орон нутгийн 29 иргэн, нийт 142 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа бол Хутаг-Өндөр сум, Хайлааст нуга гэдэг газар ассан түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 23 иргэн, нийт 47 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байгаа.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум Арцат уулын орчим энэ сарын 17-нд ойн түймэр гарсан ч одоог болтол бүрэн унтрааж чадаагүй байна.

Түймрийг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн 11 алба хаагч, Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 31 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 6 ажилтан, орон нутгийн 17 хүн, нийт 110 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.